“АЛТАН ӨД - 2021” ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2022-01-28 18:39:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам 21 дэх удаагаа зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулав. “Болор цом”, “Утгын чимэг” зэрэг “Монголын зохиолчдын эвлэл”-ээс зохион байгуулдаг тэмцээн бүр уран бүтээлчдийн дунд хамгийн түгээмэл, бараг л хэвшмэл болоод буглачихсан элдэв дам яриаг үүсгэж, сонин хэвлэл ч утга ижил гарчигтай олон тооны нийтлэлүүдээр уралдаж эхэлцгээдэг бол “Алтан өд” наадмын тухайд энэ мэт явган хэл, амны тэмцэл харьцангуй бага байдаг. Учир юунд гэвэл уран бүтээлч нь бус уран бүтээлд шагнал олгодгоороо тус наадам онцлогтой.


Шилдэг өгүүллэг тууж:

Б.Догмид “Бүргэд тэнгэрт хальдаг”

Шилдэг хүүрнэл зохиол /роман/ :

Н.Бадамжав “Модон сахалт”

Яруу найраг:

Ц.Дэлгэрмаа “Зүрхэнд агч Намур”

Баримтат болон хошин шог зохиол:

Д.Шагдарсүрэн “Монголын шилдэг нийтлэл” 87 дугаар боть

Орчуулгын уран зохиол:

Орчуулагч Б.Гэрлээ , Г.Г.Маркес “Эзэнтний намар”

Хүүхдийн зохиол:

Б.Ганчимэг “Аз жаргалын байшин”

Жүжиг, киноны зохиол:

П.Батхуяг “Чулуун бөмбөрийн нүргээн”

Шүүмж судлал:

Д.Батсайхан “Театрын түүх” зэрэг бүтээлүүд “Алтан өд 2021” наадмын тэргүүн болон оны шилдэг номоор шалгарчээ. Эдгээрээс онцлох бүтээлийн тоймыг уншигчдадаа хүргэж байна.  


ШИЛДЭГ РОМАН


Энэ онд гарсан романуудаас хамгийн эрэлт өндөр, уншигчдын таалалд нийцсэн нь Б.Номинчимэдийн “Цагаан бороо” юм. Мөн Г.Аюурзана зохиолчийн “тэдний сүүдэр биднийг сэтгэлээс урт” хэмээх нэрнээсээ авахуулаад л анхаарал татахуйц шинэ роман мөн мэндлэв.


Харин оны шилдэг романаар зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” шалгарчээ. Түүний “Дайсику”, “Амуль” зэрэг бүтээл нь монголын хүүрнэл зохиолд хэдийнэ өвөрмөц бичлэгийн онцлог, аливаа нэг үндэстний зовлон жаргал, үнс нурам болсон түүхээс дахин сэргэсэн иргэншил, аж төрөхүйн гинжин хэлхээн дунд өрнөх оюун санааны ай савыг уудлан үзүүлснээрээ танил болсон юм. Гэтэл энэ удаад “Модон сахалт” романаа 12 жилийн хугацаанд бичиж дуусгажээ.


Нэгэнтээ Г.Нямаагийн “Цадиг хууч” романыг уншихад төрсөн мэдрэмж Н.Бадамжавын “Модон сахалт”-ын сүүлчийн хуудсыг хаахад төрж билээ. Үйлийн үрийг домог зүйн элемент, баялаг санаануудтай хольж урлахдаа огт чимж хачирлаагүй үнэнийг зохиолч өгүүлсэн юм. Цаг хугацаа ч тэр, үйл явдал өрнөж буй талбар ч тэр романд тодорхойгүй. Гэвч тоо нь харин хэмжээлшгүй бус бөгөөд хоёр өөр ертөнц. Гол нь эдгээрийн дунд Арсун өвгөн зогсоно. Тэгээд ч сэрүүн, хахир хүйтний таатай уур амьсгалыг дүрслэлийн хэрэглүүр бүрээс уншигчид мэдрэх биз ээ.


МАРКЕСИЙН ЁЖЛОЛ


Монгол уншигчдын хамгийн сайн мэдэх зохиолчдын нэг Габриэль Гарсиа Маркесийн “Эзэнтний намар” роман орчуулагч Б.Гэрлээгийн хөрвүүлснээр уншигчдад хүрэв. Хүний оюун санаанд төрж болох бүхнийг урлаг, түүх, үлгэр домогтой хольж хутгаад шинэ үзэл санааг биежүүлж гаргах боломжтой замын Маркес нээн үзүүлсэн билээ. Гол нь “Эзэнтний намар”-т улс төрийн бурангуй систем, нийгмийн харш явдлыг ёжилсон хэсгүүдтэй уншигчид нүүр тулна. Жишээ нь улсын ёслол хүндэтгэлийн өргөөний улаан хивс дэвссэн харшийн танхимаар үхэр алхсаар төв тагтан дээр гарч ирээд жаргах нарны туяа харан зогсож байсан хэсгээс авахуулаад яг л Маркесаас гарч болох бичиглэлийн хэлбэр байх бөгөөд түүний үнэнч фенүүдэд тус роман таалагдах нь гарцаагүй.


Харин орчуулагч Б.Гэрлээтэй Харукигийн “Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа...”, “Норвегийн ой” зэрэг зохиолуудыг дуун хөрвүүлснээр нь танилцаж байв. Мөнхүү Мо Яны “Дарсны орон”, “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”, “Тунгалаг лууван”, “Эргэлт” зэрэг олон бүтээлүүдээс гадна Айтматовын “Чингисийн цагаан үүл”, Сю Туны “Бундын хатан” зэрэг олон арван бүтээлүүдийг монгол хэлт уншигчдад хүргэсэн билээ.

 

ЯРУУ НАЙРАГ


“Тагтаа” хэвлэлийн газрын редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Зүрхэнд агч Намур” түүврээрээ “Алтан өд” хүртэв. Тэрээр мөн яруу найргийн “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн юм. Өмнө тус бүлгэмийн гишүүн, яруу найрагч Я.Баяраа “Таслал” шүлгийн түүврээрээ мөн “Алтан өд” хүртэж байсан билээ.


Намрын тухай, хайрын тухай, хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн тухай шүлгүүд уг номд бий. Бусдыг яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг хайрлахын нэр болов уу.


Дашрамд дурдахад Ц.Дэлгэрмаа нь "А тэмдэглэл", "Дотоод тэнгис" яруу найргийн түүвэр "Баавгай нэртэй шувуу: Бархас охин хоёрын түүх" хүүхдийн тууж зэрэг бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон юм.


ҮЛДЭЭЖ ЧАДСАН ОЮУН УХААН


Зохиолч, яруу найрагч, нийтлэлч, доктор П.Батхуяг агсны “Чулуун бөмбөрийн нүргээн” хэмээх нэг хүний жүжгийн зохиолоос бүрдэх тус номд “Алтан өд” олгожээ. Нэгэнтээ тэрбээр “Харуусал яах вэ нэгийн цагийн сэтгэгдэл. Харин хийж бүтээж, үлдээж чадсан оюун ухаан бол мөнхийн суу алдар” хэмээж байсан билээ.


Номын тухайд гэвэл “Би ирлээ”, “Маргаашийг мартагсад”, “Гал”, “Дараагийн зогсоол” зэрэг бүтээлүүдийг нь нэн түрүүнд онцлууштай. Ерөөсөө нэг хүний жүжгийн төрөл нь ухамсарлахуйгаас гадна оршин буй амьд биетийн дотоод хөдөлгөөн болон сэтгэл зүйд хийгдэж буй тоглолт шиг санагдана. Мөнхүү тэр л сэтгэл зүйгээс гадна боловч зэрэгцээ орших сэтгэлгээ нь өөрийгөө таньж мэдэх нь жинхэнэ увидас шингэсэн үйл болохыг “Амьд амьтдын хүүрнэл” жүжгээс ч сэрж мэдрэх боломжтой. 

Холбоотой мэдээ