Нийслэлийн ногоон бүсээс олсон орлогыг цөлжилттэй тэмцэхэд зарцуулах санал дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, тавьсан саналыг сонслоо.
Нийслэлийн Засаг даргын орлогчтой Баянзүрх дүүргийн 13
дугаар хорооны иргэн З.Лхагвасүрэн, “Тэрбум мод” аяныг үр дүнтэй зохион байгуулах санал дэвшүүлж,
өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр тодорхой хэмжээний газар авч
ойжуулан, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Хот орчмын ногоон бүсэд
газрыг өндөр үнээр худалдан борлуулж байгааг шүүмжилж, нийслэлийн ногоон бүсийн
газрыг дуудлагаар худалдан олсон хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баттөр хариулахдаа, “Тэрбум мод аяны хүрээнд нийслэлд 120 сая мод тарих хариуцлагын гэрээг БОАЖЯ-тай байгуулсан. Байнга тарьдаг хэдэн нэр төрлийн мод бутаас гадна жимс, жимсгэнэ, гоёлын мод тарих бүрэн боломжтой” хэмээв. Харин нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр “Газар ашиглах, өмчлөхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хариуцдаг тул таны сонгосон байршил, санал, хүсэлтийг харьяа дүүргийн алба судлаад хариу өгөх болно” гэлээ.
Хан-Уул дүүргийн иргэн Ш.Итгэлт өөрийн зохион бүтээсэн төмөр
гадаргуутай орос технологийн зуухаа танилцуулж, уг зуухыг шинэлэг бүтээлд
бүртгүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр зохион бүтээсэн
зуухаа утаагүй түлшний зуух болон бусад төрлийн зуухтай харьцуулан танилцуулж, орос технологиор бүтээсэн,
ашиглалтын давуу тал олонтойг тодотгожээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга
Ц.Ганболд “Иргэдийн шинэ
санал, санаачилга, шинэлэг бүтээлийг дуртай хүлээн авна. Таны бүтээлийг дахин нягталж хариу өгнө” гэснийг НЗДТГ-ын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй
харилцах алба мэдээлэв.