Б.Баярсайхан: Байгууллагууд ажилтнууддаа үр хүүхэдтэйгээ байх цаг гаргаж өгөх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-02 13:10:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцжээ.


Засгийн газрын өргөн барьсан уг хуулийн төсөлд төрийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2024 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал түр зогсоохоор тусгасан юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн хурал хийхдээ, “Засгийн газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ. Өргөн барьсны дараа дээрх хоёр хуулийн төслийг хамт хэлэлцэх хэрэгтэй” гэв.


Мөн тус намын бүлэг Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна. Энэ талаар УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, “Лобби бүлгийн хийсэн гол ажил бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг тусгасан. Монгол Улсад цар тахлын өмнө нэг жилд 25 мянган хүүхэд гэмтэж бэртэн, хүчирхийлэлд өртөж, амь насаа алдаж байсан. Харин цар тахлын үед 35 мянга болж өссөн байна. Эцэг эхчүүд үүргээ биелүүлэхгүй, гар утас, олон нийтийн сүлжээний харилцаанд илүү анхаарч, үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна" гэж заасан. Байгууллагууд ажилтан, албан хаагчдадаа үр хүүхэдтэйгээ байх цагийг гаргаж өгөх ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ