Өнгөрсөн онд Европт хамгийн халуун зун болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-05 16:17:15

БРЮССЕЛЬ. /DW/. Өнгөрсөн оны зун Европын түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрсөн талаар Европын Холбооны судлаачид мэдээлжээ.


Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын жил тутмын тайланд мэдээлснээр, Европт агаарын температур 1991-2020 оны дунджаас цельсийн нэг хэмээр өндөр байжээ.


Тухайлбал, Италийн Сицили арал дээр наймдугаар сард цельсийн 48.8 хэмд хүрч халсан нь Европын хэмжээнд бүртгэгдсэн хамгийн өндөр хэм болсон юм. Мөн Грек, Турк, Итали зэрэг Газар дундын тэнгисийн орнуудад хэт халсны улмаас ойн түймэр дэгдсэн байна.


Дэлхийн хэмжээнд авч үзвэл сүүлийн долоон жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж бүртгэгдсэнийг Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас нэгдүгээр сард мэдээлсэн билээ. Тус байгууллагын мэдээллийн санд 1979 оноос хойших мэдээлэл бүртгэгдсэн байдаг хэдий ч станц, агаарын бөмбөлөг, нисэх онгоц, хиймэл дагуулуудын цуглуулсан 1950 оноос хойших мэдээллүүдийг ч мөн ашигладаг байна.


Германд хүчтэй аадар бороо үерийн гамшиг дагуулав

Уур амьсгал судлалын мэргэжилтнүүд мөн Германд 2021 оны долоодугаар сарын дундуур болсон үерийн гамшгийн талаар судалсан байна. Тус улсын баруун нутгийн Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфали мужид болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 180 гаруй хүн амиа алдсан юм.


Бельгид болон Германы баруун нутгаар 2021 оны долоодугаар сарын 14-нд хүчтэй аадар бороо орсон. Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын тайланд дурдсанаар, тус бүс нутагт өмнөх долоо хоногуудад маш их хур тунадас унасан тул хөрс хангалттай хэмжээний ус шингээх чадваргүй болсон байжээ.



Үүнээс гадна судлаачид өнгөрсөн онд Балтийн болон Газар дундын тэнгисийн зарим хэсэгт далайн гадаргын температур 1990-ээд оны эхэн үеэс хиймэл дагуулын мэдээллүүд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр температурт хүрснийг тогтоосон байна. Балтийн тэнгисийн зарим хэсэгт дунджаас таван хэмээр дээгүүр байсан нь нэлээд өндөр үзүүлэлт болохыг тайлангийн ахлагч Фрежа Вамборг хэлжээ.


Дэлхий нийт хорт хийн ялгарлыг бууруулах шаардлагатай байна

Эрдэмтдийн үзэж байгаагаар, дэлхийн улс орнууд 2015 оны Парисын гэрээний хүрээнд үүрэг амлалт өгсөнчлөн дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барьж чадсан тохиолдолд л уур амьсгалын өөрчлөлтийн туйлын аюултай үр дагавруудаас сэргийлэх боломжтой байна.


Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын дарга Мауро Факкини, "Бид бүхэн маш олон сорилттой нүүр тулгарч байна хэмээгээд, 2021 онд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, цаг уурын аюулт үзэгдлүүдэд нэрвэгдсэн нь улс орнууд дэлхий улам дулаарч, улмаар улам аюултай үзэгдлүүд тохиохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг яаралтай бууруулах шаардлагатай байгааг тодорхой харууллаа" гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ