Инженерийн хангамжийн дэд төв байгуулах төслийн зургийн талаар иргэдтэй санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-15 15:56:41

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын 80 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд Баянхошуу 3-р баг болон БаруунЗуунмод 6-р багийн алслагдсан хэсэгт “Инженерийн хангамжийн дэд төв байгуулах төслийн зураг”-ийг гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд БаруунЗуунмод багийн "Инженерийн хангамжийн дэд төвийн халаалтын зуухны барилга"-ын зураг төсвийг "АНГА ТРАНС" ХХК хийж байгаа бөгөөд иргэдээс санал, хүсэлт авч тус ажилд тусган ажиллахаар уулзалт зохион байгууллаа.

Зураг төсвийн хувьд 2,5 км дулааны шугамын трасс, 4,5 км бохирын шугамыг холбохоор төлөвлөсөн байна. Халаалтын зуухны хувьд КВр(М) цувралын хатдаггүй усан халаалтын бүрэн автомат зуух байх бөгөөд энэ нь хүний оролцоо, механик ажиллагаа багатай, байгаль орчныг хамгийн бага бохирдуулдаг гэдгээрээ онцлог гэв.

"Инженерийн хангамжийн дэд төвийн халаалтын зуухны барилга"-ыг барьснаар үлдсэн 334 айл өрх төвлөрсөн шугамд холбогдох юм.

Тус уулзалтаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл нар иргэдэд хандан үг хэлэх үедээ, уг ажлын зөвхөн эхлэл хэсэг нь төслийн зургийг өндөр гүйцэтгэлтэйгээр гаргах байдаг. Иймд иргэдийн хувьд санал хүсэлтээ бүрэн бүтэн ойлгомжтой илэрхийлэх хэрэгтэй. Зургийг бүрэн боловсруулж бэлэн болсны дараа өөрчлөх боломжгүй, мөн дэд бүтцийн асуудал шийдэгдэх үед иргэдээс өөрсдийн гэр лүүгээ холболт хийлгэх тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гарахыг санууллаа. 

Холбоотой мэдээ