Солонгос, Кувейт улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-19 15:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн нарт өнөөдөрт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэв.


Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс орноо сурталчлан таниулахад онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа. Мөн суугаа орондоо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бололцоот бүх хэлбэрээр дэмжин сэтгэлтэй, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.



Холбоотой мэдээ