Германд цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс өсжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2022-05-20 16:32:06

БЕРЛИН. /Xinhua/. Германд 2021 онд үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашины тоо өмнөх оныхоос 86 хувиар, 2019 оныхоос 268 хувиар өссөн талаар тус улсын Статистикийн хорооноос пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, өнгөрсөн онд цахилгаан хөдөлгүүртэй 328 мянган автомашин үйлдвэрлэгдсэн байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл өргөжиж байгаад Засгийн газраас цахилгаан автомашин худалдан авахад санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлж байгаатай холбоотой болохыг тус байгууллага онцолжээ.


Германы автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Volkswagen” групп 2021 онд зах зээлд нийлүүлсэн цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 97 хувиар өсөж, 263 мянгад хүрчээ. Германы Засгийн газар 2030 он гэхэд тус улс дахь цахилгаан автомашины тоог хамгийн багадаа 15 саяд хүргэх зорилт дэвшүүлэн ийм тээврийн хэрэгсэл худалдан авахад олгох урамшууллыг 2022 оныг дуустал сунгажээ.


Баруун Европын хамгийн том таван зах зээл болох Герман, Их Британи, Франц, Итали, Испанид цахилгаан автомашины борлуулалт энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс найман хувиар өсөж, цахилгаан, хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн зах зээлд эзлэх хувь 14.4-өөс 17.5 хувьд хүрч өсжээ.


Хэдийгээр шинэ цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийнхтэй харьцуулахад сайн өсөлт үзүүлж байгаа ч цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарт чипний хямрал нүүрлээд байгааг шинжээчид хэлж байна. 

Холбоотой мэдээ