Сэцэн ханы ордон музей
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙСэцэн ханы ордон музей байрлаж буй энэхүү барилгыг 1828
оны үед барьжээ. Түүхэнд
“Буурал амбан” хэмээн
авгайлагддаг 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд нь Төргэрэлтийн 6-р он буюу 1826
онд /XYI
жарны улаан нохой жил/ өөрийн дээд хаадын бурхан
шүтээнийг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж Өндөрхаан
уулаас урагш Хэрлэн голын хойд зах “Цагаан эрэг” гэдэг газар, одоогийн
Чингис хотод байрлуулсан гэдэг. Үүнээс 2 жилийн дараа Сэцэн хан Артсэд аймгийн
ханы нэрээр “Сэцэн ханы өргөө” гэж нэрлэн “Алтан жан” хэмээх хөх туйпуун байшин, хэрэм, ямпай, чийга зэрэг хэд хэдэн барилга, сүмийг хятад
ажилчдаар бариулжээ. Түүнээс хойш сүм хэлбэртэй барилга нэмж бариулсан гэсэн
материал архивт тэмдэглэн үлдсэн байна.
Ардын домог ярианаас үндэслэн Алтан жанг анх бариулахдаа
Сэцэн хан Артсэд нь“Манжийн хааны шавдан үүрд бат байхын тулд би буман
Осоржам бүтээх тул түүнийг залахад хүрэлцэх сүм дуган бариулж өгнө үү” хэмээн
Манжийн хаанд айлтгасан ёсоор манжийн хааны зарлигаар хятадууд ирж барьсан
байна. Алтан жанг бариулж дуусаад түүнийг “Их яам” гэж нэрлэн Сэцэн
хан өөрийн орон сууц болгосон бөгөөд буман Осоржам бүтээхдээ сацны хэв шиг хэв
хийлгэж нэг хэвэнд зуу мянган Осоржам бүтээсэн болж нэг сүмд ганц ширээн дээр
багтааг тавьж, Манжийн хааныг мэхлэн хувьдаа орон
сууцтай болсон гэдэг домог яриа байдаг аж.
Сэцэн
ханы ордон Алтан жан нь гадуураа хэрмэн хашаатай, дотор нь улаан хэрэм, цагаан
хэрэм, бор хэрэм гэж хуваадаг байсан. Улаан хэрэмд нь хааны үеэс үед улиран
тахиж шүтэж байсан шүтээний сүмүүд, цагаан хэрэмд хааны сангийн сүмүүд, бор
хэрэмд хааны ажил хэрэг явуулдаг газар байжээ. Алтан жан нь анх 30 орчим сүм,
дуганаас бүрдэж байсан ба ховор нандин зүйл хадгалж байсан сангийн сүмүүд,
аймгийн хэргийг шийтгэж хөтөлдөг тамгын газар зэрэг байрлаж байсан таван
сүм өдгөө хадгалагдан үлджээ.
Тэдгээр үлдсэн сүм хийдийн барилгыг 1982 онд сэргээн засварлан угсаатан зүйн музей болгон ашиглаж иржээ. Сэцэн ханы ордон нь Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгал мөн учир Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан байна.