БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй нийт хүний тоо 2.8 сая болжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2022-05-23 10:46:02

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-д өнгөрсөн хоногт халуурах шинж тэмдэгтэй 167 650 хүн илэрч, нийт тохиолдлын тоо 2.81 сая давсан тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.


Халуурах шинж тэмдэгтэй нийт өвчтөний 82.9 хувь нь буюу 2.33 сая нь эдгэрч, 479 мянга нь эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор нэг хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын ​​тоо 68-д хүрчээ. Халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоонд дан ганц коронавирусний халдвар авсан хүмүүсийг оруулахгүй байгаа бөгөөд олон нийтийг шинжилгээнд хамруулах, "COVID-19"-ийг үнэн зөв илрүүлэх боломж хязгаарлагдмал байгаа тул БНАСАУ-ын эрх баригчид халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийн талаарх статистик мэдээллийг хөтөлж байгаа бололтой гэж Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үзэж байна.


Өдөрт бүртгэгдэх өндөр халуурсан тохиолдлын тоо хоёр дахь өдрөө дараалан 200 мянга хүрээгүй байна.  


24 сая орчим хүн амтай БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн тухай KCNA агентлаг тавдугаар сарын 12-нд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, Ким Жөн Ун оролцсон байна. Тэрбээр бүх хот, мужид хөл хорио тогтоохыг үүрэг болгожээ. 


Холбоотой мэдээ