Бразилд аадар борооны улмаас 79 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /AFP/. Олон хоног үргэлжилсэн
аадар борооны улмаас Бразилийн зүүн хойд нутгийн Пернамбуко мужид үер болж,
хөрсний гулгалт үүсч, улмаар 4 мянга орчим хүн орон гэргүй болжээ.
Орон нутгийн цагаар ням
гарагийн оройн 18 цагийн байдлаар 79 хүн нас барсан хэмээн “AFP” агентлаг мэдээлэв.
Мөн тус мужийн Иргэний
хамгаалалтын яамны мэдээлснээр, 56 хүн сураггүй алга болоод байна.
Пернамбуко мужийн
захирагч Камара хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, энэ сарын 25-ны өдрөөс
эхлэн орсон их хэмжээний борооны улмаас тус мужийн Ресифи, Олинда зэрэг 14
хотод онц байдал зарлажээ.
Мужийн Засгийн газрын
зүгээс аврах ажиллагаад оролцож буй аврагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор армийн
албан хаагчдыг илгээсэн байна.
Ням гарагийн өглөөний
байдлаар 593 хүнийг авраад байгаа ба үүнээс 12 хүнийг зам харгуйн нөхцөл
байдлаас шалтгаалан нисдэг тэргээр аварчээ.
Мөн алслагдсан, гамшигт
нэрвэгдсэн хүнд хэцүү нөхцөл байдалтай бүс нутгуудад нисдэг тэргээр ундны ус,
хүнс зэргийг тээвэрлэн хүргэж байна.
Орон нутгийн цаг уурын
албаны мэдээлснээр, ойрын өдрүүдэд бороо сулрах төлөвтэй байгаа аж.