ЕХ-ны “Дэлхийд гарах гарц xөтөлбөр”-ийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-17 22:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит уулзалт өнөөдөр боллоо.


Уг уулзалтын дараа талууд хамтарсан хэвлэлийн мэдээ гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг мэдээнд, "Энэ нь КОВИД-19 цар тахлын дараах анхны биечилсэн уулзалт юм. Уулзалтын үеэр ардчилал, хүний эрх, хуульт ёс, НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэдэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлээ Монгол Улс, Европын Холбоо дахин нотлов.


Украин Улсад үүссэн нөхцөл байдалд гүнээ санаа зовниж буйгаа талууд илэрхийлэв. Улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримтлах, заналхийлэл хүч хэрэглэхгүй байх, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх шаардлагатай гэдгээ илэрхийлэв. Энгийн иргэд амь насаа алдах эрсдэлээс зайлсхийх үүднээс дайралтыг яаралтай зогсоох, хүмүүнлэгийн шаардлагатай тусламжийг аюул, саадгүйгээр нэвтрүүлэх нь нэн чухал байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2022 оны 3 дугаар сарын 2, мөн сарын 24 болон 4 дүгээр сарын 7-ны хуралдаанаас баталсан тогтоолд баримталсан байр сууриа Европын Холбоо дахин нотлов.


Монгол Улсын эдийн засаг, худалдааны тогтолцоог төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, худалдааны бодлогын үр ашгийг нэмэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх амлалтаа Европын Холбоо нотлов. Газарзүйн заалтын тухай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улс, Европын Холбоо тохиролцов. Европын Холбооны “Дэлхийд гарах гарц xөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүнийг Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах талаар талууд тохиролцов.


КОВИД-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлээрх олон улсын хүчин чармайлтын талаар ярилцав. Цар тахал ард иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа, эрүүл мэндийн салбар, эдийн засагт маш их нөлөөлсөн гэдэгтэй Монгол Улс, Европын Холбоо санал нэгдэв. Онц байдлаас энгийн түвшинд шилжихийн сацуу цар тахлын нөлөөг бууруулах чиглэлээрх хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх нь чухал гэдгийг талууд онцлов.


Талууд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, НҮБ-ын биологийн төрөл зүйлийн тухай конвенцын бага хурал, Шарм Эл Шэйх хотноо болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурал болон Парисын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт чухал гэдгийг онцлов. Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн тэргүүлэх таван орны нэг болж буйд Европын Холбоо баяр хүргэв. Монгол Улс болон Европын Холбоо нь Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжиж байгаа бөгөөд энэ нь 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн гол зорилт мөн.


Хүний эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улс, Европын Холбоо үргэлжлүүлэн хамтран ажиллана. Монгол Улс, Европын Холбоо иргэдийн харилцааны санаачилгуудыг улам бур дэмжихээр тохиролцов. Энэ хүрээнд Ерасмус+ Мари Склодовска-Кюри хөтөлбөрт Монгол иргэд хамрагдах боломжтой гэдгээ EX нотлов.


Монгол Улс Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Хүний эрхийн яриа хэлэлцээ 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болж НҮБ-ын Хүний эрхийн байгууллагуудын хүрээнд хамтрах, Хүний эрхийг хамгаалах олон улсын конвенцууд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудыг батламжлах, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл зэрэг Монгол Улсын эрх зүйн баримт бичгийн төслүүд болон бизнес ба хүний эрхийг хангах үүрэг ролийн талаар хэлэлцэв.


Түүнчлэн 2022 оны 3 дугаар сарын 2-нд болсон Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаанаар хөгжил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийг хэлэлцсэн. Мөн 2022 оны 3 дугаар сарын 10-нд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг хийж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлж, газарзүйн заалтын тухай хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүч, геологийн чиглэлээрх хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дараагийн уулзалтыг 2023 онд Брюссель хотноо хийхээр тохиролцов.


Хамтарсан хорооны уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр даргалж Европын Холбооны төлөөлөгчдийг Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирлын орлогч П.Пампалони тэргүүлэв" гэжээ.

Холбоотой мэдээ