Минжийг байгальд нь дасгах хиймэл цөөрөм байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-28 11:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас амьтан судлаачдын зөвлөгөө, судалгаанд тулгуурлан минжийг байгалийн орчинд дасгах хиймэл усан сан, цөөрмүүдийг байгуулж эхэллээ. 


Туул голын усны урсацыг байгалийн аргаар сайжруулахаар минжийг 2012 оноос Үржүүлгийн төвд өсгөн жил бүр байгальд нь нутагшуулдаг. Тус төвд одоогоор 11 бүлийн 48 бодгаль минж бойжиж байна. Хиймэл усан сан, цөөрөм байгуулснаар минжний бүлийг голд тавихаас өмнө цөөрөмд байршуулж, байгальд дасан зохицох чадварыг нэмэх нөхцөл бүрдүүлж буй юм. Цаашид цөөрмийн тоог жил бүр нэмэх аж.


Байгальд нутагшуулсан минж агнахыг завдах тохиолдол гарч болзошгүй тул тухайн бүсэд амьдардаг малчин, аялал зугаалгаар явж буй иргэд холбогдох мэдээллийг 11-323780 утсанд өгч, хамтран ажиллахыг нийслэлийн БОГ-аас хүсжээ.


Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэн, экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар Евразийн минжийг өсгөн, Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд 57 бодгалийг нутагшуулж байгаа. Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2-т "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.


Минж нь усны түвшин багассан үед голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулах, орчны чийгшлийг нэмэхэд гол үүрэгтэй мэрэгч амьтан. Судлаачид Туул голын эхэнд 100-150 бүл минжний популяц үүсгэсэн үед байгалийн болон хүний сөрөг нөлөөнд бага өртөх, тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж зөвлөдөг аж.

Холбоотой мэдээ