Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-09 19:19:46

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандианийг хүлээн авч, Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Д.Ганбат сайд Монгол-Хятад-Оросын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах болсон талаар танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын 10 гаруй төслүүдэд хамтарч ажиллах боломжтой талаар танилцууллаа.

Тэрбээр, “Монгол Улсын уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уялдуулан ойрын ирээдүйд 10 орчим мянган ачааны вагоны хэрэгцээ үүсэх тооцоо бий. Ачааны вагон угсрах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд судалгаа болоод төслийн санхүүжилт хийх шаардлагатай байгаа. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлийн 205 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн төслүүд болон Өмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах зэрэглэлийн нисэх буудал болгон өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд АДБХОБ-тай хамтран ажиллах саналтай байна” хэмээв.

АДБХОБ-ын зүгээс сайдын саналыг нарийвчлан судалж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ