СҮХБААТАР: М.Идэрбат: Баяр наадмаар авто машин, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-18 11:50:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой болохтой холбоотойгоор баяр наадмын бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.

-Баяр наадмын товын талаар эхлээд тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Учир нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол болон баяр наадмын хөтөлбөр хоёрын хугацаа зөрүүтэй байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байна?

-Монгол Улсын Засгийн газраас Сүхбаатар аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 29,30,31-нд хийх шийдвэрийг гаргасан. Харин бид хэлэлцээд нэг хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 28,29,30-нд тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор бэлтгэл ажил ид өрнөж байна. 7 дугаар сарын 28-нд баярын хурал,шагнал гардуулах ёслолоор наадам эхлэх бол 29-нд баяр наадмын албан ёсны нээлт, үндсэн үйл ажиллагаануудаар үргэлжилнэ.

-Наадмын шинэ талбайн ажил хэдэн хувьтай үргэжилж байна. Амжиж дуусах уу?

-Иргэдийн хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл бол шинэ талбайн ажил байх шиг байна. мэдээж үүн дээр бид онцгойлон анхаарч байгаа. Орон нутгаас нэмэлтээр хүч гарган гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. бүх зүйлийг шинээр хийж буй учир ажиллагаа их орж байгаа, дээрээс нь ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байгаа нь ажил гүйцэтгэхэд нөлөөлж байна. Гэхдээ бид ямартай ч 7 дугаар сарын 28 гэхэд талбайг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээж авахаар төлөвлөсөн. Гүйцэтгэгчид ч амжуулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна.

-Иргэдийн бас нэг санаа зовниж буй асуудал бол хурдан морины уралдаан. Иргэд, уяачид хэл амгүй сайхан наадахыг хүсэж байна?

-Тэр мэдээж. Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын журмыг дагаж мөрдөн уралдааныг зохион байгуулна. Морины комиссд тусгай чиглэл үүргийг өгсөн, наад зах нь морины сэрвээ хэмжих ажлыг мэргэжлийн хүнээр маш нарийн гүйцэтгүүлэх хэрэгтэй. Эрлийз морины уралдааныг 7 дугаар сарын 28-нд гурван насны ангилалаар зохион байгуулна. Тэгэхээр манай уяачид өөрсдөө маш сайн зохион байгуулалттай байж, салбар комиссоос өгсөн заавар зөвлөмжөө л дагаж, наадах хэрэгтэй. Энэ жил хурдан морины бүртгэлийн хураамжийг аль болох бага байхад анхаарч, 20 мянган төгрөгөөр тогтсон. Бүр хураамжгүй болгож бас болохгүй байна, учир нь элдэв маргаанаас урьдчилан сэргийлэх ёстой.

-Баяр, наадмаар олон төрлийн зөвшөөрлийг олгодог шүү дээ. Энэ талаар?

-Цар тахлаас болоод өнгөрсөн жил наадаж чадаагүй. Мөн түүхт ой тохиож буй болохоор энэ жил иргэдээ сайхан наадуулахын төлөө зорьж байна. Тиймээс Засаг даргын зөвлөл хуралдаад энэ жил авто машинд А, Б гэх мэт тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар болсон. Ердөө ганцхан төрлийн буюу баяр наадмын үйлчилгээнд явж байгаа машинуудад зөвшөөрөл олгоно. Мөн авто машины зогсоолыг тусгайлан заахгүй. Тэгэхээр иргэд хүссэн газраараа зорчиж, хүссэн газраа машинаа тавьж болно. Үүнтэй холбоотойгоор талбайн 5000 машины зогсоолоос гадна авто машины нэмэлт зогсоолуудыг бий болгож байгаа. Зөвшөөрөл олгодог дараагийн зүйл бол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зөвшөөрөл байдаг. Энэ жил үүнийг мөн олгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд шууд үйл ажиллагаагаа явуулж боло. Харин эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлаа хангах тал дээр өөрсдөө маш сайн анхаарч, мэргэжлийн байгууллагын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.

-Шинэ талбай аймгийнхаа зүүн захад байрлаж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Нийтийн тээвэр явуулах боломжтой юу?

-Өмнө нь наадын талбай нь баруун талд, морь бариа нь зүүн захад байсан. Наадамчид энэ хоёрын хооронд явах гэж хүндрэл учирхаас гадна олны хөл хөдөлгөөн, нөгөө шороо тоос дэгдэлт маш ихээр бий болдог байсан. Харин энэ жил бүгдийг нэг дор шийдвэрлэж, наадмын бүх үйл ажиллагаа нэг дор болж байгаагаараа онцлог. Мэдээж талбай төвөөс бага зэрэг зайтай учир баяр наадмын өдрүүдэд нийтийн тээвэр гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг хариуцсан, зохион байгуулах тусгай ажлын хэсэг гарсан.  

-Хүндэтгэлийн хүлээн авалтыг хийхгүй гэж сонссон?

-Тийм ээ. Төрийн тусгай хүлээн авалт гэж хийхгүй. Аймгийнхаа түүхт ойг зорьж гаднаас маш их зочид төлөөлөгчид ирнэ. Гэхдээ эдгээр тусгай зочдоо баяр наадмын талбай хэсэгт байрлах хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, төрийн хүндэтгэлийг үзүүлнэ. Баяр наадмын талбайн хойд хэсэгт сумдын болон аймгийн хүндэтгэлийн өргөөнүүд байрлана.

-Иргэддээ хандаж хэрхэх вэ?

-Түүхт 80 жил гэдэг бол хүндэтгэлтэй сайхан үйл явдал. Баяр наадмын бэлтгэл ажлыг салбар хороод, ААНБ-ууд гээд бүгд л дор бүрнээ базааж, эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж байна. Бид аль болох хүндрэл чирэгдэлгүй үүсгэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байгаа.  Тиймээс Сүхбаатарчууд маань бүгд дэг журамтай, элдэв маргаангүй сайхан наадацгаая гэж уриалмаар байна.

 

 

Холбоотой мэдээ