Японы хүн амын тоо буурчээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-10 16:14:06

ТОКИО. /Kyodo/. Японд өнгөрсөн онд нас барсан хүмүүсийн тоо төрөлтийн үзүүлэлтийг дахин давж, “COVID-19” цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосны улмаас оршин суугч гадаад иргэдийн тоо буурснаар хүн амын тоо нэгдүгээр сарын 1-ний байдлаар 125.93 саяд хүрч, 726 342-оор буурчээ.


Энэ нь ийм тоон мэдээллийг эмхэтгэж эхэлсэн 2013 оноос хойших хамгийн их буурсан дүн болсныг Японы Засгийн газраас мягмар гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 


Дотоод хэргийн яамны мэдээлснээр, нийт хүн амын тоо 125 927 902 хүрснээс оршин суугч гадаад иргэдийн тоо өнгөрсөн оныхоос 0.57 хувиар буурсан нь мөн л хамгийн их бууралт болжээ.


Тодруулбал, Японы Окинавагаас бусад 47 мужид хүн амын тоо буурснаас гадна коронавирусний цар тахал хүмүүсийн нийслэлийн бүсийг зорих урсгалыг сааруулснаар Токио хот болон зэргэлдээх Сайтама, Чиба, Канагава мужийн оршин суугчдын тоо 2013 оноос хойш анх удаагаа буурсан байна.


Японы иргэдийн тоо өнгөрсөн онд 619 140-өөр буурч, 123 223 561-д хүрснээр 13 дахь жилдээ дараалан буурсан бол нас барсан хүний тоо түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд /1.44 сая орчим/, шинээр төрсөн хүүхдийн тоо хамгийн доод үзүүлэлтэд /810 мянга орчим/ хүрчээ.


Мөн оршин суугч гадаад иргэдийн тоо 107 202-оор буурч, 2 704 341-д хүрснээр энэ тоон үзүүлэлт коронавирусний цар тахлын улмаас хилийн хязгаарлалтыг чангатгасантай холбоотойгоор хоёр дахь жилдээ дараалан буурсан байна.


Мужаар авч үзвэл, Токиогийн оршин суугчдын тоо хамгийн олноор буюу 48 592-оор буурсан нь 2013 оноос хойших анхны буурсан дүн болжээ. Мөн зүүн хойд нутгийн Акита, Аомори, Ямагата мужид хамгийн их хувиар буюу 1.52, 1.35, 1.25 хувиар тус тус буурсан байна. 


Харин Японы мужуудаас зөвхөн Окинава мужид төрөлтийн түвшин харьцангуй өндөр байсан тул хүн амын тоо өссөн байна. Тус улсад 65 ба түүнээс дээш насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь түүхэн дээд үзүүлэлтэд /29 хувь/ хүрсэн нь өнгөрсөн оныхоос 0.27 хувиар өсжээ. Тодруулбал, ийм тоон мэдээллийг 1994 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болжээ.


Харин хөдөлмөрийн насын хүн амд тооцогддог 15-64 насны иргэд нийт хүн амын 58.99 хувийг эзэлж байгаа нь түүхэн доод үзүүлэлт болж, өмнөх оныхоос 0.10 хувиар буурсан байна. Засгийн газар хүн амын тоо буурах, ажиллах хүчин хомсдох зэрэг сорилтыг зохицуулахаар хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд гадаад ажилтнуудыг нэмэгдүүлэх замаар ажиллах хүчний хомсдолыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Холбоотой мэдээ