ХОВД: 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-30 12:26:45

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.  

Үүнд тусгаснаар, Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн 79 багийн нутаг дэвсгэр дээрх 84 цэгт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг 2022 оны 8 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд зохион байгуулжээ. 

2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн арга зүйг боловсруулж, багийн нутгаар нь тооцоолж, зураглалыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд боловсруулан гаргасан байна. 

Аймгийн хэмжээгээр авч үзвэл:  Зуншлагын байдал 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 90 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу зуншлагатай байсан.

Зуны саруудад хур бороо бага орсон, нийт нутгаар агаар, хөрсөндөө олон жилийн дунджаас дулаан, хэт халалт олон хоног үргэлжилсэн, хуурай халуун салхи ихтэй байснаар бэлчээрийн ургамлын ургалтад муугаар нөлөөлж ургамлын үе шат явахгүй удаашрах, хатаж шарлах байдал 6 дугаар сараас эхлэн ажиглагдсан бөгөөд ихэнх нутгаар ургамал тачир сийрэг, төрөл зүйл цөөн гарснаас нэгжийн ургац муу, бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, малын тоо хэт их байгаа нь сумдын бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон аж.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

 6 хувь нь 0-50.0 хувь (бэлчээрийн нөөцтэй)

 5 хувь нь 50.1-100.0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

27 хувь нь 100.1-300.0 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

14 хувь нь 300.1-500.0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

48 хувь нь 500.1 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн дүнгээр нийт нутгийн 10 (11) орчим  хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.

Харин нутгийн 30 (27) орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 60 (62) гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш  олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулжээ. 

Сум, багийн дүнгээр авч үзвэл: Эрдэнэбүрэн, Мянгад, Жаргалант сумын нийт нутаг, Ховд сумын Цагаанбургас, Баруунсалаа, Улаанбураа,  Буянт сумын Нарийнгол, Цагаанбургас, Цагаанэрэг, Наранхайрхан, Дөргөн сумын Агваш, Өгөөмөр, Дуут сумын Босго, Манхан сумын Баянгол, Ботгон, Зэрэг сумын Гүвээ, Хөндлөн, Бураа,  Мөст сумын Хужирт, Улаантолгой, Дарви сумын Мөрөн, Булган, Булаг, Цэцэг сумын Цэцэгнуур, Үенч сумын Нарийнгол, Хөхүзүүр, Булган сумын Бүрэнхайрхан, Алагтолгой багийн зүүн хойд талын нутаг,  Алтай сумын Тахилт  багуудын нутаг  бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Ховд сумын Баянбулаг,  Дөргөн сумын Сээр, Аргалант, Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Зэрэг сумын Эхэн,  Мөст сумын  Баянхайрхан, Алтай сумын Бодонч, Булган сумын Баянсудал, Байтаг, Далт багуудын нутгаар бэлчээрийн даац  3-5 дахин хэтэрсэн (улбар шар), Ховд сумын Дундус, Мөнххайрхан  сумын нийт нутаг, Дуут сумын Хөхбэлчир, Шивэр, Цагаанбургас, Манхан сумын Тахилт, Чандмань сумын Урдгол, Жаргалант, Тахилт, Талынбулаг, Дарви сумын Дэлгэр, Мөст сумын Давст, Цэцэггол, Цэцэг сумын Баянгол, Баяновоо, Хөшөөт, Алтай сумын  Барлаг,  Булган сумын Алагтолгой багуудын нутгаар  бэлчээрийн  даац  1-3 дахин хэтэрч (шар) гарсан дүнтэй байна.

Харин Буянт сумын Норжинхайрхан,  Алтай сумын Алтангадас,  Үенч сумын Цагаантүнгэ,  Манхан, Зэрэг сумын харъяа Зэрэгийн гол дагуух нутгаар бэлчээрийн даац 50 хувийн нөөцтэй гарсан бол Манхан сумын Улаанхүрээ, Дарви сумын Мөнгөнаяга, Цэцэг сумын Хажинга, Үенч сумын Улиаст, Жаргалан багуудын нутгаар бэлчээр бага зэргийн хүрэлцээтэй гарчээ.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

 

 

 

 

 



Холбоотой мэдээ