ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Жимсийг боловсруулаад бүтээгдэхүүн болгоход эдийн засгийн өгөөж нь өсдөг

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-20 10:07:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 220 гаруй иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Сүүлийн үед нарийн ногоо тарих иргэдийн тоо,  ногооны нэр төрлүүд ч нэмэгдсээр  байна. Тэдний нэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Батжаргалын Энхзул.


Тэрбээр сүүлийн 4 жил нарийн ногоо тарьж байгаа боловч орон нутагт шинэ төрлийн ногоог судалж, тарьж, нутагшуулж амжилттай ургуулж байна. Энэ жил 15 нэр төрлийн ногоо тарьсан бөгөөд туршилтаар газрын алимын 7 төрлийг амжилттай тарьж ургуулсан. Ирэх жилээс “Жимсний төгөл”-тэй болохоор зорьжээ.


-Эдийн засагч мэргэжилтэй хүн гэнэт яагаад газар тариалан эрхлэх болов?

-Би эдийн засагч мэргэжилтэй, газар тариалангийн салбарт ороод удаагүй байна. Хүүхдүүдээ зуны амралтаар нь сүү цагаан идээн дээр, цэвэр агаарт хөдөө гаргах гэхээр боломжгүй байсан. Тэгээд хэрхэн амин дэмийг нь нөхөж, юу өгөх вэ гэж бодож эхэлсэн. Шинэ ургацын ногоогоор хоол бэлтгэж өгөх гээд өрхийн тариаланч Жагаа эгчийнхээ хүлэмжээр байнга очиж, хүнсний нарийн ногоогоо зөөдөг байлаа. Жагаа эгч их ажилтай хүн л дээ, өөрийн тарьсан ногоо, бэлтгэж боловсруулсан бүтээгдэхүүнээрээ дайлж байгаа нь сайхан санагдсан. Надад маш сайхан сэтгэгдэл үлдээсэн. Нэг тийм байгальтайгаа ойр эко амьдраад байгаа юм шиг. Тэгээд л газар тариалан тэр дундаа хүлэмжийн аж ахуйг сонирхож эхэлсэн. Намайг ногоотой танилцуулсан анхны багш минь гэж хэлж  болно.


арийн ногоо хэзээнээс тарьж эхэлсэн бэ?

-2018 оноос эхлэн өрхийн хэрэгцээндээ зориулж 4х8 хэмжээтэй хүлэмжид 9 нэр төрлийн нарийн ногоог анх тарьсан. Хүн чинь ногоо тарих тусам л мэдлэгтэй болж туршлага суудаг юм байна. Олон мэдэхгүй зүйл тулгарч байсан ч хүнээс асууж туршлагаа нэмсээр, өргөжүүлсээр  байна.


Анх өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн зөвхөн өрхийн хэрэгцээнд зориулан тариалж эхэлсэн маань одоо намайг энэ салбарт гүн гүнзгий дурлуулчихаад байна. Тариалалт хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байсан. Илүү мэргэжлийн түвшинд ургамал ногоогоо таньж мэдэх, зөв зохистой агротехникт суралцах, иргэдэд эрүүл хүнсийг хэрхэн хүргэх вэ зэрэг асуулт байнга толгойд эргэлдээд хэцүү байсан. Туршлагатай тариаланчдаасаа асууж, талбайгаар нь эргэлдэж, байнга л асууж шалгааж гүйдэг байлаа. Тэд маань ч төвөгшөөгөөгүй мэддэг бүхнээ тайлбарлаж, зааж сургадаг байсан.Тэгээд нэг л өдөр агрономичоор суралцахаар шийдсэн. Одоо ХААИС-ийн Агро экологийн сургуулийн Агрономичийн ангид магистрантаар суралцаж байна.


 -Цаашид  суралцангаа юуг илүү судлах гэж байна?

арийн ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөжтэй таримал ургамлын сортуудыг үргэлжлүүлэн судална.


Миний бодлоор нарийн ногооны тариалалт гэхээс илүү иргэдэд нарийн ногооны эрүүл мэндийн ач тус, зөв зохистой хэрэглээ мөн хэрхэн боловсруулах вэ гэдэг дээр нь ажиллах, танин мэдэхүйн мэдээлэл өгөх нь илүү хэрэгтэй санагдсан.







Иргэдэд энэ талаарх мэдлэг мэдээлэл хомс, мөн зах зээлд нарийн ногооны нэр төрөл цөөн, олдоц бага зэргээс шалтгаалаад нарийн ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ хангалттай хэрэглэж чадахгүй байна.


Иймд амин дэмтэй жимс жимсгэнэ, шим тэжээлээр баялаг өнгө өнгийн хүнсний нарийн ногоог тариалах, тэр дүндаа бага насны хүүхдүүдийн хоол хүнсэнд зориулсан хүнсний ногоог голлон тариалах хүсэлтэй байна.


-Яагаад “хашгана жимсний  олон төрлийг тарьж туршилт хийх болов?

-Энэ жил 1 га талбайд нийт 15 нэр төрлийн нарийн ногоо тарьсан. Үүн дотор кейл байцай, хүрэн байцай, цагаан ногоон брокли, шар улаан хулуу, хурган гуа, эрдэнэ шиш, өргөст хэмх, салад навч, хулуу, улаан лооль, гоньд, ногоочдын газрын алим гэж нэрлэдэг жимсийг 7 төрлөөр тарьсан. Монгол нэр нь хашгана латин нэршил нь physalis манай ногоочдын дунд газрын алим гэж нэрлэж танигдсан байдаг.


Дэлхий дээр хашгана жимсний 100 гаруй сорт байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь хүнсний, жимсний болон гоёл чимэглэлийн гэсэн 3 төрөлд хуваадаг. Миний хувьд туршилтаар энэ жил хүнсний 4 сорт, жимсний 3 сортыг тарьж үзлээ. Маш сайн ургасан. Манай нутгийн хөрсөнд ургах боломжтой гэдгийг сүүлийн 2 жилийн судалгаагаар баталлаа. Туршилт амжилттай болсон. Ирэх жил энэ жилийн гарсан бага зэрэг алдаануудаа засаад дахиад өөр сортуудын туршилт судалгаагаа үргэлжлүүлнэ.


-Хашгана жимсний  ач холбогдол юу вэ ?

-Газрын алимыг алтан жимс гэж нэрлэдэг. Хүний эрүүл мэндэд тустай А, В, С амин дэмээр баялаг энэ жимс нь хаван хөөх үйлчилгээтэй. Холестерины түвшнийг бууруулдаг, хоол боловсруулалтыг сайжруулдаг, цусыг хорт бодисоос цэвэрлэдэг учир бүдүүн, нарийн гэдэс, ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүс хэрэглэхэд нэн тустай.


Газрын алимыг шууд идэхээс гадна хатааж хэрэглэж болно. Мөн чанамал хийхээс гадна бялуу, хөнгөн зууш хийж хүнсэндээ хэрэглэж болдог. Айл өрх өдөр бүр төмс иддэг шиг л хашганыг хэрэглээд сурвал эрүүл мэндэд их хэрэгтэй.


-Цаашдын зорилго мөрөөдөл?

-Хүн амын дундах өвчин эмгэг их болсон байна. Энэ нь бидний хоол хүнстэй шууд хамаатай гэж боддог. Хоол хүнсний үйлдвэрлэл эрхэлж, ашиг орлого олж буй аль ч шатанд маш хариуцлагатай байх цаг үе ирээд байна. Бид эрүүл иргэнгүй бол эдийн засаг яриад яах юм. Би өөрийнхөө хэмжээнд хийж чадах бүхнээ л ярьж, хийх болно. Хүмүүс хүнсний ногоогоо айх аюулгүйгээр худалдан авдаг, хоол хүнсэндээ хэрэглэж иддэг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ирэх жил “Жимсний төгөл”-тэй болох зорилт дэвшүүлсэн. Хүн болгон чихэр, амттанд дуртай байдаг шүү дээ. Харин хамгийн гоё чихэр бол жимс. Хүүхдүүд жимсийг амтархан идэж, баярлаж байгааг харах гоё. Мөн цаашлаад жимсийг боловсруулаад бүтээгдэхүүн болгохоор эдийн засгийн өгөөж нь өсдөг. Жимсний төгөлдөө олон төрлийн жимс тариад өнгө өнгийн вино хийх юмсан гэж мөрөөддөг, Мөрөөдлөө биелүүлэхээр газраа бэлдэж байгаа.


Гүзээлзгэнийн олон наст үрсэлгээ хийж эхэлсэн. Эрүүл, эко хүнс монгол хүний дархлаа шүү дээ. Иймээс монголчууд өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх нь маш чухал. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл амьдарна гэж боддог. Бусдад ч ингэж яриалах дуртай даа.

Холбоотой мэдээ