Камбож улс Монголоос мах импортолж, жимс жимсгэнэ, цагаан будаа нийлүүлэх хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-16 13:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Камбожийн бизнесийн анхдугаар уулзалт МҮХАҮТ-д боллоо. Уулзалтад манай улсад ирээд байгаа Камбож улсын цагаан будаа, жимс жимсгэнэ, жимсний дарс үйлдвэрлэлийн хүнсний чиглэлийн 14 компанийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Уулзалтын талаар “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Дашравдангаас тодруулав.


-Зүүн өмнөд Азийн орнууд, тодруулбал, Камбож улс манай зах зээлийг яагаад сонирхох болсныг тодруулна уу?

-Тус бүс нутгийн орнуудын зах зээл хөгжлөө дагаад их тэлж байна. Ялангуяа цар тахлын дараагаар улс орнуудын гадаад худалдаа, хамтын ажиллагаа, зах зээл өөрчлөгдөж, олон сонголт, шинэ боломжийг эрэлхийлэх болсон. Камбож улс бүс нутгийн хэмжээнд уламжлалт харилцаагаа сэргээж хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Манайх руу ирэх болсон нь үүний нэг илрэл юм болов уу гэж бодож байна. Манай улсад ирээд буй Камбожийн бизнесийн төлөөлөл мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг сонирхож буйгаа илэрхийлж байна. Харин Монголын оролцогчдын хувьд шинэ зах зээлийн гарцаар экспортоо нэмэгдүүлэхээ хэлж байна.


-Камбожийн хүнсний бүтээгдэхүүний онцлог нь юу байна?

-Хүнсний бүтээгдэхүүнийн орц найрлага нь химийн бус, цэвэр байгалийн гаралтай байдаг тул БНСУ, Япон руу их экспортолдог. Одоо бодлогоо ОХУ, Европын холбооны улсууд руу чиглүүлж байгаагаа өнөөдрийн уулзалтаар илэрхийлж, Монгол Улсыг дээрх зах зээл рүү нэвтрэх гарц хэмээн үзэж байна. Ер нь Камбожийн уламжлалт бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ, хатаасан жимс нь органик гэдгээрээ үндэсний онцлогтой. Европын газар зүйн заалтад бүртгэлтэй хар перц нь алдартай.


-Манай улсын хувьд зах зээлийн шинэ гарц болж болох Камбож улсын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдлын талаар товч танилцуулна уу?  

-Тус улс нь богино хугацаанд 16 сая хүн амтай болсон. Сүүлийн гурван жилд эдийн засгийн өсөлт нь 10-аас дээш хувьтай, тогтмол нэг түвшинд байгаа, далайд гарцтай зэрэг онцлогуудтай. Үнэндээ өнөөдөр Зүүн өмнөд Азийн орнууд маш хурдан, өндөр хөгжиж буйг бид анзаарахгүй өнгөрч боломгүй. Тиймээс гадаад худалдааны судлаач хүний хувьд хэлэхэд дээрх орнуудтай манай улс шууд худалдаа хийх шаардлагатай байна. Ингэж байж бид олон сонголтой болж, цагаан будаа нийлүүлэгч өөр нэг улстай харилцах боломжтой. Үүний тулд бид тухайн улсуудтай тээвэр ложистикийн нөхцөл байдлаа тохирох хэрэгтэй байна. Жишээ нь, Камбож улстай гэхэд манайх нэг бол агаарын шууд нислэгээр, эсвэл Лаос юм уу Вьетнамаар дамжуулан төмөр замын тээврийг хөгжүүлэх боломжтой. Таны асууснаар хоёр орны хоорондох шууд харилцаа өнөөдөр ямар байгаа вэ гэдгийн хувьд Камбож улс манай улсын хэргийг Бээжингээс хамаардаг бол Монгол Улсын хувьд Лаос дахь ЭСЯ-наас Камбож улсыг давхар хамаарч байгаа.


МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан уулзалт дээр хэлэхдээ, ковидын цар тахлын дараагаар Монгол Улсын гол имортлогч орны нэг БНХАУ-д хил, гааль, тээвэр хязгаарлалттай зэрэг нөхцөл байдлаас шалтаалан гадаад худалдаанд ихээхэн өөрчлөлт орж буйг дурдаж, манай ААН-үүд гуравдагч зах зээлийг эрэлхийлж байгаа энэ үед хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт болж байгааг онцоллоо. Мөн хамгийн гол нь хоёр орны хооронд бизнес харилцааг өргөжүүлэхэд тээвэр ложистикийн асуудал чухал байгааг тэрбээр дурдлаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, ХАА-н бараа бүтээгдэхүүн, цагаан будааг Зүүн өмнөд Азийн шинэ зах зээлээс оруулж ирэх хандлага нэмэгдэж буйг тэмдэглэсэн юм.


Тэрбээр цааш нь энэ удаагийн уулзалт нь оролцогч талуудад харилцан үр ашигтай бизнесийн боломжуудыг нээхээс гадна бизнесийн арга туршлагаа хуваалцах, хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд бодитой түлхэц болно гээд Монгол Улсад өөрийн гэсэн онцлог, давуу талыг шингээсэн ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн зэрэг Зүүн өмнөд Азийн зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн цөөнгүй байгааг дурдлаа.


Одоогийн байдлаар манай улсаас Зүүн өмнөд Ази руу үндэсний агаарын тээврийн 2 компани (Вьетнам болон Тайландын чиглэлд) чартер нислэг үйлдлэж байна. Тиймээс цаашид нислэгийг тогтмолжуулж байнгын болгох, ялангуяа карго нислэгийг шинээр бий болгох, мөн төмөр замын тээврээр холбогдох, энэ талын хэлэлцээрт Зүүн өмнөд Азийн орнуудыг хамруулж тээврийн боломжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм байна.


Монгол-Камбожийн бизнесийн анхдугаар уулзалтыг Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ санаачлан, Монгол Улсаас “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөл хамран зохион байгууллаа.


“Дорнын түншлэл” бизнесийн зөвлөл нь БНХАУ, Вьетнам, Камбож, Лаос зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудын бизнесийг Монголын зах зээлтэй холбох үйл ажиллагаа эрхэлж байна. Энэхүү байгууллага өнгөрсөн 6 дугаар сард Монгол-Вьетнамын бизнес форумын ивээн тэтгэгчээр ажилласан бол энэ удаа Монгол-Камбожийн бизнесийн анхдугаар уулзалтыг зохион байгуулав.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ