Амралтын өдрүүдэд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-17 16:36:19

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр гаргажээ.  

Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол энэ сарын 20, 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн бол энэ сарын 21, 28-ны Ням гарагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Зуны хязгаарлалтын бүсэд эдгээр автомашин 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцох аж. 

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл  мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас уриалж байна.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ