Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-26 17:18:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.


Хурлын эхэнд салбарын яамд болон аймаг, орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагаас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой, үйлчилгээний жагсаалтыг урьдчилсан байдлаар танилцууллаа. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 23, Боловсрол, шинжлэх ухааны яам 15, Зам, тээврийн хөгжлийн яам 20, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11 ажил, үйлчилгээг тус тус хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргажээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмнө өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой  зарим төрлийн чиг үүрэг, ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргаснаа танилцуулав. Тухайлбал,  орон нутгийн шуудан тээврийн үйлчилгээ, автозам засвар арчлалтын үйлчилгээ, барилга байгууламжийн зураг, төслийн зөвлөх үйлчилгээ, ажлын хувцас, хэрэгсэлийн үйлдвэрлэл, орон сууцны хотхон, хорооллын ашиглалтын үйл ажиллагаа, биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг 31 төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр дамжуулан гүйцэтгүүлэх боломжтой гэж үзжээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Танилцуулгаас харахад 2022 оны урсгал засвар, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд зарцуулсан нийт 12 их наяд төгрөгийн 7.3 их наяд төгрөгийн өртөг бүхий тендерийг зохих сонгон шалгаруулалтын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Цаашид оновчтой зохицуулалт хийж, энэ үзүүлэлтийг өсгөх хэрэгтэй. Төр өөрөө хамгийн том ажил олгогч хэрнээ хамгийн том бизнес эрхлэгч байж таарахгүй. Өнөөдрийн танилцуулсан ажил, үйлчилгээний жагсаалтуудыг бодит байдалд нийцүүлэн зөв үнэлэх, эрэмбэлэх нь чухал. Тиймээс ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ирэх сарын 26 гэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээний жагсаалтыг эцэслэх шаардлагатай” гэдгийг онцлон хэллээ.


Мөн “Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьсан. Тиймээс тогтоолын агуулга, зорилгыг бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ