Гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн хохироосон талаар энэ сарын 28-нд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-19 15:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  мэдээлэл хийх үеэрээ “Гадаадын хөрөнгө оруулалттай компани манай улсад үйл ажиллагаа явуулахад хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл тулгардаг”-ийг тодотгов.


Монгол Улсад одоогоор гадаадын хөрөнгө оруулалттай 20 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн их, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилддөг зэрэг бэрхшээлийг тэд ярьдаг. Эдгээрийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад дагах хуулийг өргөн барьж шийдэхийг ХЗДХ-ийн сайд мэдээлэлдээ онцоллоо.


Тэрбээр, ярихдаа, “Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хувьцаа эзэмшиж байсан иргэд иргэний болон эрүүгийн хэрэгт хөрөнгө оруулагчдаа холбогдуулан тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ талаар хууль хүчний байгууллагатай хамтран хэргийн талаар судалж байна. Улсын ерөнхий прокурор, мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай хамтарч, ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргана. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 2012-2022 онд хэрхэн хохирсон, үүнд хэн холбогдсон, ямар прокурор хянаж, мөрдөн шалгах явцад хэргийг яаж дарсан, хэрхэн хаасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ. Ерөнхий прокуроор, ТЕГ-ын даргаар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргийн жагсаалтыг энэ сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулна. 


Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад таатай, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг ажлын явцаа танилцуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад, шүүхийн шатанд гацсан, үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга даруулсан зэрэг жагсаалтыг бэлтгэж байна. Энэ хэрэгт прокурорын дунд, дээш шат, шүүх, мөрдөн шалгах байгууллага, цагдаа, тагнуул, прокурорын байгууллагад ажиллаж байгаа, АТГ-д ажиллаж байсан хүмүүс холбоотой учир олон нийтийн дэмжлэг шаардлагатай. Энэ ажлыг хийснээр гаднын хөрөнгө оруулагч бидэнд итгэх итгэл төрнө. Тэднийг тонон дээрэмддэг бүлэглэлийг таслан зогсоосноор гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ” гэлээ

Холбоотой мэдээ