Франц улсын эмч нар ГССҮТ-д хамтарсан үзлэг оношилгоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-21 11:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Лоран Брэт, Сабин Рэно нар ГССҮТ-д энэ сарын 5-17-нд ирж ажиллалаа.

 

 Тус эмнэлэг Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 22 жилийн турш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ажилтнууд туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж ирснээс сүүлийн хоёр жил цар тахлын улмаас болж завсарлаад байсан юм.

 

Франц эмч нар Дүрс оношилгооны тасгийн эмч нартай хамтран 100 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, 14 эмчлүүлэгчид үений эмгэгийн эмчилгээг хийжээ. Мөн их эмч Бертран Мюнкенштарм ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасагт ажиллаж, хэвтэн эмчлүүлж буй 40 орчим өвчтөнд хамтарсан үзлэг хийж, 10 өвчтөнд хамтарсан мэс заслын эмчилгээнээс гадна сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нартай хамтран 30 эмчлүүлэгчдэд хөдөлгөөн засал, эмчилгээг хийжээ.

 

Үүнээс гадна Нэгдсэн лабораторийн тасгийн бактериологийн шинжилгээний хэсэгт Франц улсын микробиологич Лоран Брэт 200 гаруй шинжилгээний үр дүнг гаргаж, шинээр боловсруулсан стандарт ажиллагааны заавартай танилцан эмч, лаборантуудад цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил болгох олон арга техник заавар зөвлөгөөнүүдийг өгч ажилласан байна.

 

Цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа талууд энэ үеэр илэрхийллээ гэж ГССҮТ мэдээлэв.




Холбоотой мэдээ