Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн YIII форумыг  ӨМӨЗО-д зохион байгуулахаар тогтов

Монголын мэдээ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 12:58:07

МСНЭ-ээс зохион байгуулсан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн YII форум Хэнтий аймагт 8 дугаар сарын 19-21-нд амжилттай зохиогдлоо. 

Энэ удаагийн форумд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагууд, төр, засгийн хэвлэл мэдээллийн албадын ажилтнууд, МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ болон сонин, телевиз, сайтууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд, хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Чэнь Баочюань нарын зэрэг хоёр талаас 100 шахам төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ болов. 
Форумд оролцогчид Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоо, хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх арга зам, даяаршиж буй өнөөгийн нийгэмд тулгамлаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн хамтарч ажиллах зэрэг олон талт асуудлыг хөндсөн илтгэлүүд хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан юм. Мөн форумын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, "Олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал ба Монгол, Хятадын харилцаа" сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Энэ удаагийн форумд Хэнтий аймгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч нутагтаа амжилттай зохион байгуулсанд форумд оролцогчид талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Форумд оролцогчид Хэнтий аймгийн түүх дурсгал, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Эзэн Чингис хааны түүх домогт газар нутгийн нэг Хар зүрхний Хөх нуурыг үзэж сонирхсон. 
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн дараагийн форумыг ирэх жил ӨМӨЗО нутагтаа зохион байгуулахаар болсон юм.

Ш.Батболд
 

Холбоотой мэдээ