ЗАВХАН: Орон нутгийн хөгжлийн сангийн 15 хувийг хүүхдийн төлөө зарцуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймагт хүүхдийн зөвлөлдөх уулзалт болж 120 гаруй хүүхэд оролцож байна.
Завхан
аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөр тус
аймагт хэрэгжиж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тодорхойлох
зорилгоор “Хүүхдийн зөвлөлдөх уулзалт”-ыг аймгийн 23 суманд энэ сарын 30-ныг
хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа. Өнөөдөр Улиастай сумын долоон
сургуулийн 120 гаруй хүүхэд зөвлөлдөх уулзалтад оролцож үзэл бодлоо
илэрхийлэн, санал хүсэлтээ ярьж байна. Тэд өнөөдөр таван сэдвийн хүрээнд
хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.
-“Нэгдүгээрт
би чадна, би өөрөө санаачилна, би өөрөө тусална, би өөрөө оролцоно, би өөрөө манлайлна
сэдвүүдийн дор хэлэлцүүлэг зохиож байна. Шийдвэр гаргах түвшинд хүүхдүүд бидний
үзэл бодол, санал хүсэлтийг сонсоосой, биднийг оролцоог хангаж, хүүхдүүдийн
төлөөх үйл ажиллагаанд бидний санаачилсан, санал болгосон ажлуудыг хамтран
хэрэгжүүлээсэй гэж маш их хүсэж байгаа. Завхан аймаг сүүлийн таван жил “Хүүхдэд
ээлтэй орон нутаг” байна гэж уриалж бодлогын түвшинд зарласан. Олон ч ажлыг
хийж буйд талархаж байна. Бид жил бүр болдог хүүхдийн зөвлөлдөх уулзалт
болгоноор шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүүхэд залуучуудын чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байгаад анхаарч өгөхийг хүссэн.
Тэгвэл энэ
жил хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх спортын талбай,
гэрэлт гудамжтай болсон нь сайшаалтай. Мөн аймгийн цагдаа, эрүүл мэндийн
газруудаас хүүхэд багачуудын хорт зуршлаас урьдчилан сэргийлэх болон эрүүл
мэндийн цогц сургалт мэдээллүүдийг сургууль бүр дээр зохион байгуулж өгсөн.
Тэгэхээр хүүхдүүдийн зөвлөлдөх уулзалтаас гарч буй санал, хүсэлт бүрийг сонсож,
шийдвэр гаргах түвшинд бодлогоор дэмжиж буйд талархаж байна.
Хүүхдийн зөвлөлдөх уулзалтын үр дүн энэ мэтчилэн гарч буйд баяртай байна. Энэ удаагийн хүүхдийн зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг бид аймгийн удирдлагуудад танилцуулах юм” гэж Завхан аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Б.Анужин хэллээ.
Ташрамд, тус аймаг орон нутгийн хөгжлийн сангийн нийт төсвийн 15-аас дээш хувийг хүүхдийн төлөө зарцуулдаг болжээ.