Италийн парламентын доод танхим шинэ Засгийн газарт итгэл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-26 13:34:03

РОМ. /AFP/. Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонигийн тэргүүлсэн шинэ Засгийн газарт парламентын доод танхим мягмар гарагт итгэл үзүүлжээ. Тус танхимын гишүүдийн 235 нь дэмжсэн бол 154 нь эсрэг санал өгч, таван хүн түдгэлзсэн байна.


Лхагва гарагт Сенатын танхим Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураана. Ж.Мелони санал хураалтыг угтан Засгийн газрын хөтөлбөрийнхөө гол зорилтуудыг танилцуулж, сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хүндхэн цаг үед улс орноо удирдан залахад бүхий л хүчин чадлаа дайчилна гэдгээ мэдэгджээ.


Тэрбээр мөн Европын Холбооны дүрэм журмыг дагаж мөрдөхөө амласан байна.


“Италийн ахан дүүс” намын дарга Ж.Мелони нь Италийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй болж байгаа юм. Есдүгээр сарын 25-нд болсон сонгуульд түүний нам 26 хувийн санал авсан бол тус намтай эвсэл болж оролцсон “Урагшаа Итали”, “Лига” намууд тус бүр 8 хувийн санал авсан байна.


Ийнхүү Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла Ж.Мелонигоос Засгийн газрын тэргүүлэхийг 10 дугаар сарын 22-ны өдөр хүссэн юм. Итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалт явуулахын өмнө хэлсэн үгэндээ Ж.Мелони, Итали барууны орнуудын эвслийн хүрээнд цаашид ч урагшлах болно гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ