Брейк бүжгийн сургалтыг Тайванийн иргэн амжилттай удирдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-01 14:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдын ур чадварыг ахиулах сургалт долоо хоногийн турш үргэлжилж, өнөөдөр оролцогчид сертификатаа гардан авлаа.

 

Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайвань улсын иргэн Bboy Bojin удирдан явуулав. Энэ эрхэм “Парис-2024” олимпын брейк бүжгийн тэмцээний зохион байгуулалтад мөн ажиллах юм.

 

Сургалтын талаар Монголын спорт брейк бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхболд: “Сургалтын эхний өдрүүдэд үндсэн суурь бэлтгэл хийсэн бол дунд хэсгээс battle хэрхэн хийх вэ, бие болоод сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ зэрэг илүү гүнзгийрүүлсэн сургалтууд орсон. Харин сүүлийн өдөр олимпод мөрдөгдөх шүүлтийн систем ямар байхыг дэлгэрэнгүй заасан. Бидний мэдэж, сурах ёстой бүгдийг нэг дор заасан гэдэг утгаараа маш үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг хамтран зохион байгуулсан МҮОХ, Монголын спорт бүжгийн холбооны хамт олонд талархлаа илэрхийлье. Манай сургалтад эхэндээ 35 хүн бүртгүүлсэн ч явцын дунд нэмэгдсээр 50 шахам хүн болсон. Брейк бүжгийн спорт олимпын хөтөлбөрт багтсан нь Монголд эрчимтэй хөгжихөд том түлхэц болж байна” гэсэн юм.

 

Монголын брейк бүжигчид Парисын олимп хүртэл олон улсын есөн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байна.







Холбоотой мэдээ