МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг брейк бүжгийн багшийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-01 16:20:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангийн хүрээнд хэрэгжүүлсэн брейк бүжгийн багш, тамирчдыг чадавхжуулах сургалт Улаанбаатар хотноо болж сургалтыг удирдан явуулсан Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Тайвань улсын иргэн “Bboy Bojin” буюу Божин Ченийг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Баттүшиг сургалтыг амжилттай зохион байгуулсан түүнд талархлаа илэрхийлж, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейк бүжгийг хөгжүүлэхэд МҮОХ-ноос бүх талаар дэмжиж туслах болно гэдгийг илэрхийлэв.

 

Божин Чен Монголд 2 дахь удаагаа ирж байгаа бөгөөд бүжгийн спорт, тэр тусмаа брейк бүжиг Монголд хөгжих бүрэн боломжтой, монгол залуус бүжгийн спортод авьяастай гэдгийг энэ үеэр хэллээ. 

 

“Bboy Bojin”-ий хувьд тулааны урлагийг бүжгийн спорттой хослуулан хичээллэж байгаад 1997 оноос хойш брейк бүжгээр дагнах болжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр дэлхийн 50 гаруй улсад уригдан очиж тэмцээн уралдаан шүүн, сургалт семинар удирдан явуулж байв.





Холбоотой мэдээ