ДАРХАН-УУЛ: Аутизмын холбоонд тоглолтын орлогоосоо хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-14 10:46:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. МУСТА, дуучин О.Чингүнжав Дархан хотын Залуучууд театрт өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 13-ны өдөр хийлээ.


Орон нутагт тоглолтоо хийж буй уран бүтээлчид зөвхөн танхим дүүргэж олсон орлогоо аваад буцах биш тухайн аймгийнхаа зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг хийж байх уриалгыг тоглолтын үеэр дэвшүүлэв. Түүний эхлэл болгож Дархан-Уул аймгийн Аутизмын холбоонд өөрийн тоглолтын орлогын арван хувь буюу 500.000 төгрөгийг хандивлалаа.


“Зун болдог байх” уран бүтээлийн тоглолтын багийнхан ярилцаж нийгэмд тустай, сайн үйлсийн аяныг өрнүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү Дархан хотоос эхэллээ.

Цаашид олон уран бүтээлч, хамтлаг, дуучид энэ тайзнаа гарч Дарханчуудтай уулзах байх. Тэд ашиг олоод буцах биш тухайн нутгийнхаа зорилтот бүлэгт бага ч болов дэм үзүүлээд буцаж байгаасай. Очсон газрынхаа нөхцөл, зорилтот бүлгийнхэнтэй холбогдож тулгамдсан асуудлыг сонсож, судалж тэдэнд туслахыг зориорой гэж нийт уран бүтээлчдэдээ дуучин, МУСТА О.Чингүнжав уриалж байлаа.

Дархан-Уул аймгийн Аутизмын холбоо нь 2021 онд байгуулагдсан аж. Одоогоор албан ёсны бүртгэлтэй 60 орчим хүүхэд байдаг гэж холбооны тэргүүн Б.Мөнхцэцэг хэллээ. Байгуулагдаад удаагүй ч хүүхдүүдийнхээ сурч боловсрох, хөгжих боломжийг нээх, тэдэнд зориулсан хөгжлийн төв байгуулахаар зорин ажиллаж байна гэв. Тоглолтын орлогоос хандивласан мөнгийг тус төвийнхөө үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ