Хотын стандартуудыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-18 13:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” салбар зөвлөгөөн болж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчны тохижилт, ажил үйлчилгээнд хамаарах 3 бүлгийн 19 стандартыг түүвэрлэн танилцууллаа.


Эдгээр хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэх, холбогдох төрийн болон ТББ-ын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор хотын стандартын хүрээнд 4 салбар зөвлөгөөн зохион байгуулж байна.


“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” бүлэг стандартад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна зам талбай, хашаа хайс, гэрэлтүүлэг, камержуулалт, тусгай хэрэгцээний ногоон байгууламж, авто зогсоол зэргийг иргэд, үйлчлүүлэгч, хүүхдийн аюулгүй, ая тухтай байдалд нийцүүлэн төлөвлөх, барих тодорхой шаардлагыг тусгажээ.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг хангахыг тусгаснаараа ач холбогдолтойг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хотын стандартын тогтолцоо” илтгэлдээ, “Стандартуудыг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ач холбогдол, үр нөлөөтэй. Урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх, үйлдвэрлэл, хотын орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжрах олон ач холбогдолтой”-г онцоллоо.



Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

 

Салбар зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, 9 дүүргийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар, тохижилт үйлчилгээний ажилтан, цэцэрлэг, сургуулийн төлөөлөл зэрэг 1000 орчим хүн оролцжээ.

Холбоотой мэдээ