ТӨВ: Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-22 16:46:22

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын зах, хүнсний дэлгүүрт худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.


Уг судалгаанд 11 дүгээр сарын 14 болон 11 дүгээр сарын 21-ний өдрийн үнийн өөрчлөлтийн талаар харьцуулсан байна. Тус судалгаагаар өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн нэг долоо хоногт 70 төгрөгөөс 2000 төгрөг хүртэлх үнийн өсөлттэй байна.


11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг кг нь 8000, үхрийн ястай мах 10000, ямааны ястай мах 7000, адууны ястай мах 8500, талх 2080 төгрөг, савлагаатай сүү нэг литр нь 4200, айраг 5000 төгрөг байжээ.


Харин 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг кг нь 8500, үхрийн ястай мах 11000, ямааны ястай мах 7500, адууны ястай мах 9000, талх 2700 төгрөг, савлагаатай сүү 4500 төгрөг, айраг 6000 төгрөг болон нэмэгджээ.


Мөн 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар төмс 1300, манжин 2500, сонгино 2500, ургамлын тос 8500, өндөг 480, давс 2500 төгрөг, өвс нэг боодол нь 9000 төгрөг, ногоон тэжээл 12000, аарц 5000 төгрөг байжээ. Харин 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төмс 1500, манжин 3000, сонгино 3000, ургамлын тос 10500, өндөг 550, давс 2600, өвс 10000, ногоон тэжээл 13000, аарц 6000 төгрөг болон нэмэгджээ.


Түүнчлэн цагаан болон шар будаа, лууван, байцаа, чацаргана, шар тос, зөгийн бал, гурил, элсэн чихэр, түлш, түлээ нүүрс, ахуйн барааны үнэ энэ хугацаанд үнийн өөрчлөлтгүй байжээ. 

Холбоотой мэдээ