УИХ-ын дарга “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть номын нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-11-26 13:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 25-нд Монгол Улсын Ардын багш, ОХУ-ын Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осорын “Эзэн Чингис хааны Их засаг хууль” 5 боть номын нээлтэд оролцлоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан болох Их засаг хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон. Тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүн”-ээр өргөмжилсөн юм. Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой. “Эзэн Чингис хааны Их засаг хууль” 5 боть ном нь олон улсын Чингис хаан судлалд дорвитой байр суурь эзэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх явдал чухлыг онцлон тэмдэглэе” хэмээгээд доктор, профессор Н.Ням-Оcорт баяр хүргэн, эрдэм судлалын үйл хэрэгт нь амжилт хүсэв.



Доктор, профессор Н.Ням-Осор нь 1990 оны ардчилсан хувьсгал өрнөж эхлэх цагаас Чингис хаан болон Их засаг хуулийн талаарх судалгаагаа эхлүүлжээ. “Эзэн Чингис хааны Их засаг хууль” 5 боть номоо олон жилийн судалгааны ажилд үндэслэн бичиж, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан ийнхүү нийтийн хүртээл болгож байгааг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ