ЗАВХАН: Түүх, соёлын дурсгалын өвийг улсын нэгдсэн санд бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-09 08:53:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ жил түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын хүрээнд 520 цэгт хүрч ажиллажээ.


Орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулаад байна. Аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт байрлах улсын болон орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг өнгөрсөн намар хийсэн. Тооллогын сумдын удирдлагууд, Соёлын төвийн холбогдох ажилтнуудад, хариуцлагын гэрээ байгуулж, дурсгалыг хадгалж хамгаалах. Хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах талаарх зөвлөмж чиглэлийг өгсөн. Мөн дээрх сумдтай тухайн нутгийн иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад орон нутгийнхаа хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт газруудын үнэт түүхийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах.


Сум бүрийн онцлог, түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх нь ямар ач холбогдолтой болохыг таниулах ажлыг цаашид тогтмол зохион байгуулж хамтран ажиллаж байна. Мөн аймгийн түүх соёлын зургаан дурсгалыг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж улсын хамгаалалтад авсан байгаа. Түүх, соёлын таван дурсгалыг аймгийн хамгаалалтад авсан байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


Дуут чулуу

Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн болон түүх, соёлын дурсгалт газар элбэг. Тухайлбал, Дуут чулууг нэрлэж болох юм.

Дуут чулуу нь, Завхан аймгийн Тэс суманд байдаг. Сумын төвөөс зүүн хойно 23 км-т байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан. Чулууны хэмжээний урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй. Хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу юм. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.

Зүрхэн чулуу

Зүрхэн чулуу нь, Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Даян уулын оройн дэвсгэр хэсэгт үхэр чулууны дунд нэгэн том хадан дээр зүрх хэлбэрийн хонхорхой үүсч ус тогтсоныг нутгийн иргэд зүрхэн чулуу хэмээн нэрлэдэг. Ус нь цэвэр тунгалаг ариун учир очсон хүн бүхэн эрүүл энхийг бэлгэдэн амсах нь олонтаа.  Зүрхэн хонхорын дээхэн талд очир алмазан дүрстэй шигтгээн жижиг чулуу тогтсон нь уран дархны гараар бүтсэн гэлтэй харагддаг. Зүрхэн чулуу нь дархан цаазат газрын бүсэд багтдаг байна.

 

Хачигийн хүрээний туурь

Завхан аймгийн Баянтэс сумын нутагт орших Хачигийн хийд /Гэжээлин сүм/ нь Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хачигийн голын баруун бие их Жаргалант, бага Жаргалант уулын бэлд төвхнөж байжээ. 1860-аад оны үед байгуулсан гэх Хачигийн хийд нь гурван дугантай, 30 гаруй лам байнга сууж ном хурдаг байв.

1920-иод оны үед энэ хүрээний тэргүүн лам Сэтэв гавж гэдэг хүн байсан бөгөөд Хайдав, Пунцаг, Намсрай, Галдан, Чүлтэм, Содов, Дансран, Сэнгэ, Шагдар нарын эрдэм чадалтай лам нар сууж байжээ. Хийдийн лам нар зуны эхэн сарын шинийн 8-нд хийдийн зүүн талд байх Баян овоо хэмээх тахилгат овоог тахидаг. Харин шинийн 15-нд Майдар эргэдэг байжээ. Мөн намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн эхэн үеэр тус хүрээний хурал номыг хааж эрдэм чадалтай лам нарыг баривчилсны дотор Чойжилжавын Довжид гавж, Галсангийн Довжид маарамба, Шагжийн Чойнжуур аграмба, Лхамхүүгийн Ядам гавьж, Жанцан аграмба, Дагва гэлэн, Шарва гэсгүй, Намхайн Шарва гавж нарыг хэлмэгдүүлэн шийтгэж дээд хэмжээ оноожээ. Одоо тус хүрээний туурин дээр гурваас дөрвөн дуганын туурь, дуганын тууриас зүүн хойно Шивээ хашааны бололтой гэрийн буурь бүхий хашааны туурь. Өмхөрсөн мод, хагархай тоосгоны үлдэгдэл зэрэг тэр үеийн хүрээ хийдийн барилга байгууламжийн үлдэгдэл тод мэдрэгдэнэ.


Мөн энэхүү Хачигийн хийд нь Монгол - Оросын хилийн шугамаас 10 орчим км зайтай хилийн бүс нутагт оршдог. Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй Хязгаар нутгийн олон харуулын сүм дугануудын тухай баримтад “...Хачиг харуулын Гэжээлин сүмд Засагт хан аймгийн Ёст бэйс Мишигдорж, Зоригт бэйл Наваанцэрэн, Эрдэнэ дүүрэгч ван Намхайжанцан, Цогтой гүн Дамдин-Авийшаа нарын хошуунаас 40-50 лам сууна. Жасын адуу 8, үхэр 12, хонь ямаа 20 гаруй буй...” хэмээн тэмдэглэгдсэн байдаг аж. Дээрх мэдээ баритуудаас үзвэл Хачигийн хурал номын газар нь Манжийн эрхшээлийн үеийн Монгол орны хойд хил хязгаарын дагуу байгуулсан олон харуулын хурал дугануудын нэг байсан бололтой.

 

Холбоотой мэдээ