“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд E-Sport албан ёсоор орж баталгаажлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-16 13:34:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадамд анх удаа E-Sport орж байгаа бөгөөд хүрээнд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо болон Азийн Электрон спортын хороо хамтын ажиллагааны Санамж бичиг өнөөдөр байгууллаа.


Монгол Улсын нийслэлд 2023 оны 8 дугаар сард “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тус наадмын спортын 11 төрлийн нэгээр электрон спорт буюу E-Sport орохоор болсон.


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч бөгөөд Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэд дарга З.Төмөртөмөө “Хүн амын 70 орчим хувийг 45 хүртэлх насны хүмүүс эзэлдэг Улаанбаатар бол залуучуудын хот. Зүүн Азийн залуучуудын наадам нь Монгол Улсад зохион байгуулж буй залуучуудын анхны томоохон наадам учраас Засгийн газар болон нийслэлийн түвшинд онцгой анхааран бэлтгэж байна. Хотын удирдлагууд залуучуудаа дэмжих зорилгоор тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан энэ удаагийн наадамд E-Sport-ыг оруулсан. Спортын уг төрлийг зөв талаас нь хөгжүүлэхэд мэргэжлийн түвшинд санал солилцож, хамтран ажиллахыг нийслэлээс хүсэж байна” хэмээсэн юм.


Азийн Электрон спортын хорооны гүйцэтгэх захирал Себастиан Лау залуучуудын хувьд E-Sport-ын хөгжил маш чухал гэдгийг цохон тэмдэглэж, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын дараа залууст E-Sport-ын боловсрол олгох, эцэг эхчүүдэд E-Sport-ын талаар зөв ойлголт, зохистой мэдээлэл өгөх төсөл, хөтөлбөр зохион байгуулна гэдгээ хэллээ.

Холбоотой мэдээ