Ш.Цэрэндулам: “СОР 17” хурлын үеэр хөрөнгө босгож, асуудлаа шийдэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-21 20:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. “COP 17” бага хурлын бэлтгэлийн талаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндуламтай ярилцлаа.

 

-Монгол Улсын Засгийн газраас “COP 17” бага хурлыг зохион байгуулахдаа Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа. Одоогоор бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Эх орондоо “CОP 17” хурлыг зохион байгуулах нь Монгол Улсыг олон улсад сурталчлах чухал үйл явдал учир бодлогын түвшинд ач холбогдол өгч байна. БОАЖЯ, ГХЯ хамтран өмнөх буюу “СОР 15” хүртэл болсон хурлын зохион байгуулалт, хамрах хүрээ, зорилго, ач холбогдол зэргийг дүгнээд, Монголд зохион байгуулахтай холбоотой асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газар, Ерөнхий сайдаас чиглэл өгч, БОАЖ-ын сайд тус хурлыг зохион байгуулах нарийн бичгийн даргаар нь ажиллахаар шийдвэр гаргасан. Тухайлбал, “CОP 17”-г зохион байгуулахад 6-7 мянга, оргил ачаалалтай үедээ 4 мянган хүн оролцоно гэж төлөвлөсөн. Бэлтгэл хангахаар дэд ажлын хэсгүүд байгуулах шаардлага бий. ГХЯ гэхэд дипломат ёслол, протокол, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд юунд анхаарах чиглэл өгсний дагуу шийдэл гаргаад явна. Туушин зочид буудлаас Корпорэйт зочид буудал буюу Хүүхдийн парк хүртэлх хэсгийг блоклоод үзэсгэлэнгийн хэсэг болгож ашиглах тухай ч ярьж байгаа. Дэд ажлын хэсгүүд байгуулсны дараа үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллана.

 

-Дэд ажлын хэсгүүдээ байгуулсны дараа хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Дэд ажлын хэсгүүд байгуулсны дараа “CОP 17” хурал угтсан үйл ажиллагаанд анхаарна. Нэг хурлаар Монголд зохион байгуулна гээд танилцуулчихдаг зүйл биш учир конвенцид нэгдсэн бүх улс оронд мэдээлэл хүргэх үүднээс ирэх 3 жилд ямар ажил зохион байгуулах төлөвлөлтөд анхаарна. Жишээ нь, 2023 онд уур амьсгалын өөрчлөлтөд хүүхэд залуусын оролцоо эсвэл уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулах гэхчлэн “CОP 17” гэсэн “малгай” дор ажлуудаа ирэх жилүүдэд хийх юм.

 

-Монгол Улс цөлжилттэй тэмцэх хүрээнд хурлын оролцогч талуудын анхаарлыг юунд илүү хандуулах бол?

-Өнгөрсөн хурал нь Бүгд Найрамдах Кот-д Ивуар Улсын Абижан хотод болж, баруун Африкийн улс орнуудын цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээхэд анхаарсан “Абижаны өв” санаачилга гаргасан. Ингэхдээ санхүүжилтийг 1.5 тэрбум ам.доллароор тооцоолж төлөвлөсөн бол талуудын бага хурлын үеэр анхаарлыг нь татаж чадсанаар 2.5 тэрбум болтлоо нэмэгдэж, тодорхой хөрөнгө татах бололцоотой болсон. Монгол Улс үүнтэй төстэй бүс нутгийн шар шороон шуурга, цөлжилтийг багасгах “Тэрбум мод” хөтөлбөр зэрэг санаачилга гаргаж болох юм.


БОАЖЯ олон улс, бүс нутгийн түвшинд тавих асуудал, хурлын баримтлах чиглэл гаргах хүрээнд бусад яамтай хамтран ажиллана. Ямар бодлого, концепцтэй оролцох, санхүүжилтийн ямар мехнизм санал болгох, ямар санаачилга гаргахыг шийднэ. 2026 онд болох хурал учир Конвенцын нарийн бичгийн газраас эхний үнэлгээг 1.6 жилийн өмнө хийж, тухайн оронтой хүлээн авагч улсын гэрээ байгуулснаар дараагийн ажлаа хийдэг. Бид 2 жилийн өмнөөс ямар уриа, чиглэл, бодлоготой, ямар үр дүнд хүрэхийг төсөөлж боловсруулах юм. Үүн дээрээ тулгуурлаад Монгол Улс байгаль орчны, тэр дундаа байгаль хамгаалах салбарт хөрөнгө татах боломжтой.

 

-Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод 1996 онд нэгдэн орсон. Суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурлыг манай улсад зохион байгуулахын ач холбогдол, эерэг нөлөөг товчоор хэлвэл?

-Хурал зохион байгуулах хэд хэдэн эерэг нөлөө бий. Монгол Улсын байгаль орчны бодлого, үйл ажиллагаа хэрхэн хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа яаж шийддэгийг танилцуулж, бодлогын дэмжлэг авах боломж нээгдэнэ. Монгол Улс гэлтгүй дэлхий даяар байгаль орчны салбар, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарч байна. 

Байгаль орчны бохирдол, эсвэл уур амьсгалын өөрчлөлт хамгийн их нөлөөлж буй улс орнууд тодорхой хөрөнгө оруулалтыг үүрэг амлалтаараа хийж байна. Бид эдгээрээс хөрөнгө босгож, асуудлаа шийдэх бололцоо гарч ирнэ гэж найдаж байна. Мөн улсаа сурталчлан таниулж, түүгээрээ эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотой асуудалд дэмжлэг авах, хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой. Хурал угтан Улаанбаатар хотод тодорхой бүтээн байгуулалт хийх, аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн нөлөө бий.


-Хуурайшилт их манай орны хувьд нийт газар нутгийн 70 гаруй хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх мэдээлэл бий. Цөлжилтийг бууруулахад бодлогын түвшинд ямар алхам хийж байна вэ?

-Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Мал аж ахуй, уул уурхайн салбараас хамааралтай улс орны хувьд газрын доройтол, цөлжилт тулгамдсан асуудал болсон. Манай орны газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртсөн, цөлжилтийн зэрэглэлээрээ харилцан адилгүй байгаа. Байгалийн нөөцөөс хамааралтай улс орны хувьд нөөцөө яаж зөв зохистой ашиглах, ашигласныхаа дараа яаж нөхөн сэргээх гэдэг нь тулгамдаад буй асуудал. Одоогоор говь хээр, уулархаг бүс нутагт цөлжилт нь малчдын өдөр тутмын амьдралд нөлөөлөх хүндхэн бэрхшээл боллоо. Газрын доройтол, хөрсний талхагдал, цөлжилтөөс улбаалан малчид 3-4 мянган малтайгаа нүүдэллэхэд бэлчээр, өвс, худаг ус гээд олон зүйл энгийн хирнээ олон сорилтыг бий болгож байна. Иймд малынхаа тоо толгойг багасган, ашиг шим, чанарыг нь сайжруулах хэрэгцээ гарч ирж байгаа юм. Хэт олон малын даац, уул уурхайн компаниудын нөхцөл байдал байгаль орчны доройтлыг улам дордуулж байна.


Цаашид байгаль орчны нөөцөд тулгуурлан бодлогоо гаргаж, Байгалийн нөөц ашигласны орлогын тухай хуулиар тодорхой хэмжээний орлого төвлөрүүлж, түүгээрээ нөхөн сэргээлт хийдэг зарчим руу шилжинэ. Гадаад ертөнц Монголыг асар их баялаг түүхтэй, тал хээр голлосон нутагтай, мал аж ахуйн орон гэж төсөөлдөг. Гэтэл өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөхцөл байдал амьдралын хэв маягийг өөрчилж байна. Уламжлалт ахуйгаа хадгалж үлдэх эсэх тухай ярьж байна. Бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хариу арга хэмжээний цогц бодлогыг салбар дундын хүрээнд хэрэгжүүлж, уялдаатай үйл ажиллагаа зохион байгуулах, малчидтайгаа хамт бодлого боловсруулах хэрэгтэй. Хүн бүр байгалиа унаган дагшин байлгах, нөөцөө зөв ашиглахад тэмүүлж, түүгээр дамжуулан бодлого гаргагчидтай хамтран ажилладаг систем руу орохгүй бол болохгүй.


-Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хэр зэрэг өртсөн бэ?

Манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс гэж тодорхойлдог. Орон нутагт уур амьсгалын эмзэг, өртөмтгий байдлын судалгаа хийхэд зарим аймагт газрын доройтол, цөлжилт их, ус гол ширгэсэн хүндхэн байгаа бол зарим сум өнөөдөр хэвийн ч 5-10 жилийн дараа уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөхөөр байх жишээтэй. Иймд уур амсьгалын өөрчлөлтэй холбоотой асуудлыг одооноос нутаг, дэвсгэрийн хөгжлийн бодлоготойгоо уяж, нэгдсэн бодлого зохицуулалттай явахгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ. 


Монгол Улс 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталсан. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ БОАЖЯ-наас 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ