ДАРХАН-УУЛ: Арван мянган өрхийг орон сууцтай болгох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-01-19 22:42:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “Нээлттэй Дархан” хөтөлбөрийг Дархан-Уул аймаг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр ирэх 1.5 жилд хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Шинээр шилжин ирэх суурьшигчдыг хүлээн авах, залуу гэр бүлийг дэмжих хүрээнд дэд бүтцийн асуудлуудад орон нутгаас анхаарч, өмнөх жилүүдэд эхлүүлсэн томоохон ажлуудыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд яригдаж буй нэг асуудал нь Залуус хорооллын бүтээн байгуулалт юм. Тус хорооллын зураг төслийн ажил энэ сард багтаж дуусвал хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлах ажээ. Одоогоор инженерийн шугам сүлжээг түлхүүр гардуулах буюу ажлаа гүйцэтгэж дуусаад санхүүжилтээ төрөөс авах нөхцөлтэй тендерийг Барилга хот байгуулалтын яаманд зарласан аж.

Инженерийн шугам, сүлжээг төр хариуцан хийх учраас барилгын компаниуд орон сууцны метр квадратын үнийг зах зээлийн үнээс хямд худалдах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Ингэснээр Дархан-Уул аймгийн иргэд болон Улаанбаатар хотоос шилжин ирж буй иргэд 10 хувийн урьдчилгаа өгөөд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдан байртай болох боломж Залуус хороололд бүрдэх ажээ.

Залуус-1,2 хороололд нийт 32 мянга гаруй хүн амьдарна гэж тооцоолж, сургууль цэцэрлэг цагдаа, онцгой байдал гээд төрийн бүх үйлчилгээг дунд нь байршихаар төлөвлөн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа аж.

Ташрамд, Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж буйг өнгөрсөн долоо хоногт болсон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо хэлсэн. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ