Чухал ашигт малтмал, агаарын тээвэр, дижитал эдийн засаг зэрэг тэргүүлэх салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-06 17:31:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын IV Зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр боллоо.


Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч У.Бэйрд нар хамтран даргалав.


Бүс нутаг, олон улсын харилцаа хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед хоёр талын стратегийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хоёр тал санал солилцов. Талууд хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, агаарын тээвэр, дижитал эдийн засаг зэрэг тэргүүлэх салбарт хамтран ажиллахаар хэлэлцэв.


2018 онд баталсан “Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ын хэрэгжилтийг дүгнэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн шинэчлэхээр тохиров. Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад хоёр талын 20 орчим байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож, “Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын хамтарсан мэдэгдэл” гаргав.


Холбоотой мэдээ