Монгол, Катарын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-13 14:27:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Мухаммад Аль-Дахаймиг энэ сарын 10-нд хүлээн авч уулзав. 


Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглэв. Тэрбээр ойн хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 


Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Катар Улсын Гадаад харилцааны сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-гийн халуун дотно мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ