Зөвлөлдөх санал асуулга: Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвээр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-15 07:59:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд үргэлжилнэ.


Зөвлөлдөх уулзалтын оролцогчид эхний өдрөө “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” сэдвээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсож, хэсгүүдийн болон нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдрийн уулзалтаар “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нарын, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нарын илтгэлийг сонсоно. Сэдэв бүрийн илтгэл танилцуулсны дараа 54 бүлэг тус бүрдээ зөвлөлдсөний дараа нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, судлаач, мэргэжилтнүүдэд асуулт тавьж, хариулт, мэдээлэл авах юм.


Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн дээрх 801 оролцогчоос тус бүрд нь өмнө авсан 22 асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлнэ. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу УИХ-д хүргүүлэх юм. 

Холбоотой мэдээ