Туркийн “MNG Airlines” компанид гэрчилгээ олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-28 08:14:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНТУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “MNG Airlines” компанид ИНД-129 “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжилт” шаардлагад нийцүүлэн 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосныг гардууллаа.


Ингэснээр “MNG Airlines” компани А300-600, А330-200 маягийн агаарын хөлгөөр Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд ачаа тээврийн хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж, хоёр орны хоорондын ачаа тээвэрлэлтийн давтамжийг нэмж, агаарын харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.


“MNG Airlines” компани нь 1997 оноос олон улсад ачаа тээвэрлэж байгаа бөгөөд одоогоор агаарын 7 хөлгөөр 19 чиглэлд нислэг үйлддэг байна.


ИНД-129 “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг дараалсан 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчид аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийж, зохих шаардлага хангасан нөхцөлд олгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий гадаадын 2 дахь ачаа тээвэрлэгч болж байгааг ИНЕГ мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ