Хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм. Ажлын айлчлалын хүрээнд энэ сарын 1-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, тэр дундаа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой явуулж буй хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.
Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс нь Монгол Улсын дэд бүтэц, зам, тээвэр, боомт, худалдааг хөнгөвчлөх зэрэг салбарт холбогдох яамдтай идэвхтэй хамтран ажиллаж байна.