ДОРНОГОВЬ: Аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-24 14:04:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 22-нд хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар Дорноговь аймгийн “Аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө” батлав.

Өнгөрсөн онд аймгийн ЗДТГ Монголын үйлдвэр технологийн паркуудын нэгдсэн холбооны дэргэдэх Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байжээ. Аймгийн Засаг даргаар ахлуулсан агентлагийн дарга нар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга болон бусад холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын баг  энэ хугацаанд  мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дээрх төлөвлөгөөг боловсруулахад оролцсон байна.  

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан дээрх хөтөлбөрийг баталжээ.

Аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, суурь дэд бүтцийг би болгож нэгдсэн системд оруулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлс, үйлдвэрлэлийн харилцаанд тулгуурлан аж үйлдвэрийн бодлогыг шинэ шатанд гаргах, эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх зэргээр шаталсан бөгөөд үүний дараа хоёрдугаар үе шат буюу үйлдвэржүүлэх, барилгажуулах, механикжуулах, цахилгаанжуулах зэрэг томоохон ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгасан аж.

Ташрамд дурдахад, Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд болох шинэ төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, Алтан ширээт үйлдвэр технологийн парк зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт өрнөж буй бөгөөд үүнийг дагасан бизнес хөгжих боломж бүрдээд байна.

Тиймээс аж үйлдвэрийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох зорилгоор Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг баталсан байна.

Холбоотой мэдээ