ӨВӨРХАНГАЙ: Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-28 12:52:51

Арвайхээр /МОНЦАМЭ/. Сүүлийн үед бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна. Энэ хүрээнд “Таниулья, мэдээлье, илрүүлье” уулзалт хэлэлцүүлгийг салбар дундаас зохион байгууллаа.

Насанд хүрээгүй хүүхэд хохирсон бэлгийн хүчирхийлэл 2020 онд 9, 2021 онд 24, 2022 онд 11 удаа бүртгэгдсэн бол 2023 он гарсаар Цагдаагийн газарт 2, ГБХЗХГ-т 5 бүртгэгджээ. Гэмт хэрэг үйлдэгчдийн 30 хувийг төрөл садан, үеэл, 26.2 хувийг эцэг эхийн танил гэгдэх хүмүүс, 16 хувийг хохирогчийн өөрийн найз нөхөд нь эзэлж байгаа юм.

Эцэг, эхийн хяналт муугаас өсвөр насны хүүхэд цахим порног үзэж донтох, үүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхийг оролдох явдал ч гарсан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрхзүйн орчин, бодлого, хөтөлбөрүүд хангалттай байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг шийдэгдэхгүй, нэмэгдсээр байгаа нь хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, эцэг эхийн хараа хяналт, хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшил муу байгаатай холбоотойг уулзалтаар онцлов.

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувь нууцыг хамгаалах, хяналт тавих, хэргийг богино хугацаанд шийдвэрлэх, хууль, эрхзүйн цогц туслалцааг үзүүлэх, хөршийн холбоог сайжруулах, сэтгэлзүйн сургалтад хамруулах зэрэг анхаарах шаардлагатай олон асуудал байгааг уулзалтад оролцогч албаныхан хэлж байлаа.

Холбоотой мэдээ