Ураны ирээдүй ба эрчим хүчний шинэ хэрэглээ

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-05-19 17:00:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр эрчим хүч хэрэглэгчдийн тоо тэлсээр байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амд өнөөдрийнхөөс хоёр дахин их цахилгаан эрчим хүч шаардагдана гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр дэлхий нийтээрээ нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа. Энэ хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүргийг хүлээсэн. Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр бууруулахад нүүрстөрөгчийн цахилгаан үйлдвэрлэлээ багасгах шаардлагатай бид нүүр тулгарч байгаа. Тэр утгаараа Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдэд хувь нэмрээ оруулах боломжийг эрэлхийлж буй юм.

Дэлхийн улс орнуудын хувьд нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цөмийн эрчим хүч ашиглахыг чухалчилж байгаа. Энэ хэрээр тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сорилтыг бий болгож байна. Өнөөдөр дэлхий дээр 445 цөмийн реактор ажиллаж буй бөгөөд шинээр 54 цөмийн реактор баригдаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл энэ нь дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг хангаж байна гэсэн үг. Бидний мөнхийн хөрш Хятад улс гэхэд 16 цөмийн реактор барьж байгаа бөгөөд 2060 он гэхэд тэг нүүрсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх  зорилтыг дэвшүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл ирэх 10 жилд Хятад улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарахын зэрэгцээ ураны зах зээлийн тэргүүлэгч худалдан авагч болоход үйл ажиллагаагаа чиглүүлэх нь тодорхой боллоо.

Тэгвэл Монгол Улс хэрхэх вэ? Дэлхийтэй хэр хөл нийлүүлэн алхах вэ гэдэг нь гадны улс орнуудын  хувьд сонирхол татаж байгаа. Уран бол бидний хувьд цоо шинэ сэдэв биш. Манай улс дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд 50 гаруй жилийн өмнөөс энэхүү салбарыг судалж, улмаар ураны хайгуулын лиценз олгож эхэлсэн байдаг. Эдүгээ Монгол Улс дэлхийд нөөцийнхээ хэмжээгээр 12 дугаарт жагсдаг бөгөөд ураны нөөцийн нэг хувийг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Бидний хувьд энэ нь ирээдүйд томоохон тоглогч болох боломж, суурь нөөц юм. Тодруулбал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхдээ дэлхий нийтэд шаардлагатай стратегийн ач холбогдол бүхий баялгаа нийлүүлснээр нүүрстөрөгч бага ялгаруулах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бий болгоно гэсэн үг.

Монголчууд ураныг хор хөнөөл ихтэй, онц аюултай хэмээн  ойлгодог. Тэгвэл Уран нь байгаль дээр ус, агаар, хөрсөнд хаа саагүй маш өргөн тархсан литофиль элемент юм. Уран нь химийн хувьд маш идэвхитэй. Байгаль дээр уран агуулагч 249 орчим эрдэс байдгаас цөөн тооны эрдэс үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсгэдэгээрээ онцлогтой ажҮнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл юм.


БАЙГАЛЬ ДЭЭРХ УРАН ГУРВАН ИЗОТОПООС БҮРДДЭГ БАЙНА.

·         99.27 хувийг u-238 изотоп,

·         0.72 хувийг u-235,

·         0.0058 хувийг u-234 изотоп тус тус эзэлдэг байна.

Дэлхий дээрх хамгийн их тархалттай u-238-г олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээдэг байна. Харин манай улсад дээрх хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас бид ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх боломжтой аж. Тухайлбал зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авна гэсэн үг. Ураныг олборлож нөөцтэй болсон нөхцөлд атомын цахилгаан станцтай болоход дөхөм гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Манай улс эрчим хүчний 20 хувийг хоёр хөршөөсөө импортолдог. Уран олборлолт эхэлснээр цөмийн цахилгаан станцтай болох боломжтой гэдгийг физикч, доктор Н.Тэгшбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл өөрсдөө уран олборловол  хоёр дахин хямд цөмийн түлш хэрэглэнэ гэдгийг тэрээр тодотгожээ.

Цөмийн энергийн газрын мэдээлснээр, Монгол Улс ураны 192 мянган тонн  нөөцтэй гэсэн судалгаа байна. Манай улсын хувьд ураны арваад орд, 100 гаруй илэрц, мянга давсан эрдэсжсэн цэг байдаг аж. Монгол Улсад 1947 оноос анх ураны хайгуулыг хийжээ. ЗХУ-ын үед хийсэн хайгуулаар хамгийн их нөөцтэй орд нь 28.8 мянган тонны нөөцтэй Дорнод, 16 мянган тонны нөөцтэй Гурванбулагийн орд байсан бол сүүлийн жилүүдэд Зөөвч Овоо орд 54.6 мянган тонны нөөцтэй хэмээн батлагджээ.


Уран дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг байна. 


Дорнодын мардайн ордоос урагшаа Дорноговь хүртэл ураны илрэлийн судлууд, Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Архангай аймагт илрэлүүд бий гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Бумбатын нүүрсний ордоос уран илэрч байжээ. Тухайлбал Дорнод, Мардайн гол, Гурван булгийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд бөгөөд нийт 53807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн аж. Улмаар Дорноговь аймагт хэд, хэдэн ураны ордууд байгаагаас хамгийн их нөөц ихтэй нь Дулаан уулын орд бөгөөд ураны хүдэр нь тунамал чулуулагт хуримтлагдсан роллфронт төрлийн орд юм байна.

Роллфронт төрлийн орд гэдэг нь хамгийн бага зардлаар, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар олборлодог учир илүү үр дүнтэй аж. Тодруулбал уран нь хүчилтөрөгчөөр баялаг, хүчиллэг усанд амархан уусдаг ба хүчилтөрөгчөөр дутмаг, ангижирсан орчин буюу ургамлын үлдэгдлээр баялаг орчинд илүү их хуримтлагддаг байна. Ингэж уран нь борооны ус, голын урсгалаар зөөгдөн хүчил төрөгчгүй орчинд уусдаггүй учраас исэлдэл ангижиралын зааг дээр хуримтлагдан роллфронт төрлийн ордыг үүсгэдэг аж. Ийм төрлийн манайд байгаа орд нь Дулаан уулын ураны орд юм байна.

Монголд уран олборлох нь ажлын байр бий болгох, экспортод бүтээгдэхүүн гаргахаас эхлээд эдийн засгийн үр ашигтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гагцхүү экологийн эрсдлийг тооцох ёстой гэдгийг тэд онцолж байна. Гэвч мэргэжилтнүүд газрын гүн рүү хүхрийн хүчил хоолойгоор хийж уран олборлолоо гэхэд хөрсний ус бохирдох аюултай байж болно. Иймээс олборлолтыг зөв явуулах нь чухал хэмээн тодотгож байна.

Холбоотой мэдээ