ЗАВХАН: Өв соёлоо цогцоор нь үзүүлэхийг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-27 12:49:51

Улиастай /МОНЦАМЭ/. Бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн дэргэдэх Бүжгийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Тэрбээр 7 дугаар сард Грек улсад болох бүжгийн асуудлаарх олон улсын хуралд Монголын бүжгийн урлагийн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлэх урилга аваад буй юм. Монголынхоо язгуур урлагийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилготой бүжигчин Э.Амаржаргал нь хэдхэн хоногийн өмнө Болгар улсын Велико Тарново хотод зохион байгуулсан Язгуур урлагийн дэлхийн аваргын цомын VIII уралдаанд амжилттай оролцож, ардын бүжгийн төрөлд алтан медаль хүртсэн байна. ЮНЕСКО-гийн байнгын түнш, язгуур урлагийн фестивалиудын Европын холбооноос уг уралдааныг энэ удаа цахимаар зохион байгуулсан байна.


Бүжигчин Э.Амаржаргал уралдаанд бүжиг дэглээч, доктор М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвил “Тамган биелгээ” бүжгээрээ оролцжээ. Өмнө нь энэ бүтээлээр олон улсын хэд хэдэн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр хувцасны загвар зохион бүтээгч Б.Баярцэцэгийн урласан дээлийг өмсөж шүүгчдийн өмнө бүжиглэсэн тухайгаа ярив.



Мөн энэ онд Улаан-Үд хотод онлайнаар зохион байгуулсан мэргэжлийн бүжиг дэглээчдийн олон улсын “Престиж-2023” уралдааны ардын бүжгийн төрөлд “Ээж” хайрхан уулын домгоос сэдэвлэсэн “Их хайр”, Гурван дүрт охин“ гэсэн хоёр бүтээлээрээ гуравдугаар байр эзэлжээ. Энэ нь түүний бүжиг дэглээчийн хувиар оролцсон анхны уралдаан юм. Бүжгүүдийн хөгжмийг хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар зохиожээ.


"Уламжлалт бүжиг-бий биелгээ"-г 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг.



Биелгээ нь олон ястны хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжлагддаг. Ястнуудын амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм.

Монгол ардын биелгээний хөдөлгөөн нь голчлон гэрийн бага зайд захирагдан хагас суулт буюу тахимцах суултаар хийдэг. Энэ нь гарын атгалт, тавилт, цацалт, цээж, мөрний огцом цохилт, сугсралт, чичиргээ, хөлийн солбилт, алхаа гишгээ, биеийн гунхалзаж суялзах хөдөлгөөн голлодог бүжиг юм.



Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Язгуур урлаг, тэр дундаа ардын бүжиг, бий биелгээний хосгүй гайхамшигт хөдөлгөөн бүр нь утга учир агуулж байдаг.

Тиймээс гадаадад зохион байгуулж буй томоохон, уралдаан тэмцээнүүдэд оролцохдоо бүжгийнхээ дэглэлт, найруулга, хөгжим, хувцаслалтад илүү анхаарч ёс заншлаа шингээхийг, түүгээрээ дамжуулан Монголын уламжлалт өв соёлоо сурталчлахыг хичээдэг.

Бидний соёлын томоохон өв болох ардын бүжиг, бий биелгээг уламжлан, түгээн дэлгэрүүлэх. Ялангуяа хүүхэд залуучуудад сургаж, тэдэнд өвлүүлэн үлдээх ажлыг аймагтаа тасралтгүй хийж байна.


Өнөөдрийн байдлаар “Amka dance” студийн бүжгийн дугуйланд давхардсан тоогоор 520 гаруй хүүхэд, залуус суралцаж бүжгийн урлагаар хичээллэдэг болсон гэж Завхан аймаг дахь “Amka dance” студийн үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал хэллээ. 

Ташрамд “Amka dance” студийн бүжигчин хүүхдүүдийн “Хэмнэл урлахуй” нэртэй бүжгийн тайлан тоглолт энэ сарын 29-нд Улиастайд болох аж. 

Холбоотой мэдээ