СЭЛЭНГЭ: Урлагаар дамжуулан сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-02 09:57:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2023 оныг “Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тухайлбал Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд урлагаар дамжуулан мэдрэмжийг нь гадагшлуулах сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь шинэлэг бөгөөд 21 аймагт анхдагч ажил болжээ.

 

Ингээд Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил хамгааллын нэгжийн ахлах мэргэжилтэн Д.Оюунжаргалаас хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй үйл ажиллагаанаас нь тодрууллаа.

 

-Тэрбээр: “Сэлэнгэ аймаг 18 хүртэлх насны 39433 хүүхэдтэй, нийт хүн амын 36 хувийг эзэлдэг. Аймгийн ГБХЗХГ-аас 2023 оныг “Гэр бүл төвтэй хүүхэд хамгаалал” уриан дор зарласан. Зарласан жилийн хүрээнд бид хүүхэд эрхэм хэрэглэгч, “Найз байя, “Хайрлая, хамгаалья аянуудыг зохион байгуулж байна. Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 5 сарын байдлаар 112 дуудлага бүртгэгдсэн. Үүнийг анхан шатандаа үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан багуудад шилжүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.


Мөн хүчирхийлэлд өртсөн болон гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны байдлаар 8 хүүхэд энэ хороогоор үйлчилгээ аваад байгаа.   

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн “Хамтдаа оролцъё”, “Хамтдаа хөгжье” гэсэн үйл ажиллагааг Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.


Мөн Монгол хөгжил сэтгэлзүйн хүрээлэнтэй хамтран хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж байгаа. Манай ГБХЗХГ-ын гэр бүлийн зөвлөгөө өгөх танхимаар дамжуулан хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд урлагаар дамжуулан мэдрэмжийг нь гадагшлуулах сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Энэ маань маш үр дүнтэй ажил болж байгаа” хэмээн ярилаа.

 

   

Холбоотой мэдээ