“Нэрт монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимович” эрдэм шинжилгээний хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн судалгааны үндэслэгч, нэрт монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимовичийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал “Русский дом”-д боллоо.
Монголын Зохиолчдын Эвлэл, Оросын шинжлэх ухаан соёлын төв, МУИС, Утга зохиол урлаг судлалын тэнхимээс хамтран зохион байгуулсан уг хурлыг орчуулагч, эрдэмтэн О.Чинбаяр удирдав. Улаанбаатар хот дахь “Русский дом”-ын Соёлын болон олон нийттэй харилцах албаны дарга А.П.Кулакова нар баяр хүргэж үг хэллээ.
Доктор,
профессор С.Байгалсайхан үндсэн илтгэл, доктор Г.Билгүүдэй, ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн доктор М.Петроваонлайнаар Г.Галбаяр, Э.Батжавхлан, Д.Болормаа, А.Мөнх-Оргил нарын доктор /Ph.D/ илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Театр судлаач Д.Батсайхан, зохиолч Ц.Түмэнбаяр, н.Батсайхан нар нэрт эрдэмтэнтэй холбоотой дурсамжаа хуваалцав. Тус эрдэм шинжилгээний хурлын илтгэл, холбогдох материал ирэх есдүгээр сард хэвлэгдэх тухай МЗЭ-ийн дэд дарга П.Нямлхагва дурдав.