СҮХБААТАР: Түүхийн дурсгалт үнэт зүйлийг хулгайлсан этгээдүүдэд шүүхээс ял оногдууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-02 16:48:31

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан овооны энгэрт байсан түүхийн дурсгалт үнэт зүйл болох ширмэн тогоог хулгайлсан этгээдүүдэд шүүхээс ял оногдуулсан тухай аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

 

Уг мэдээлэлдээ, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төв Алтан овооны энгэрт байсан түүхийн дурсгалт үнэт зүйл болох 153 см диаметртэй, 81 см өндөртэй түүхийн дурсгалт зүйл болох ширмэн тогоо нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хулгайд алдагдсан. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотоос ирж, ширмэн тогоог хулгайлан, оронд нь өөрсдийн бэлтгэж авчирсан цайран тогоог үлдээж гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 5 этгээдийг олж тогтоон, хулгайд алдагдсан ширмэн тогоог хураан авч, Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Угсаатны зүйн музейд эзэмшүүлсэн талаар өмнө мэдээлж байсан. Тухайн хэргийг үйлдсэн хүмүүст холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.


Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Г, Г, Ө, Т, Г нарыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт 1 жил 2 сараас 1 жил 10 сарын хугацаанд нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж, тухайн оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 33,283,300 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, түүхийн үнэт зүйл болох ширмэн тогооны эвдрэлийн үнэлгээ 3,240,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд олгуулахаар шийдвэрлэсэн болно гэв.

Холбоотой мэдээ