Усны хомсдол, хүнсний аюулгүй байдлыг шийдэх арга зам, стратегийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-21 16:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга хэлэлцүүлэгт бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач, салбарын удирдагч, мэргэжилтнүүд инновацлаг шийдэл, бодит стратегийн тухай санал бодлоо солилцож, дэлхийн хүнс, усны аюулгүй байдлыг шийдэх шийдлийг эрэлхийлж байна.


Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцох юм. Энэ хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлт, хямрал мөргөлдөөний үед хүнс, усны систем эмзэг нөхцөлд хөдөө аж ахуй, засаглалын салбарын уян хатан, тэсвэртэй байдлын асуудлыг хөндөнө. Эдгээр хямралт нөхцөл байдлаас авсан сургамжуудыг хэлэлцэж, цаашид хэрхэн хүнс, усны системийн чадавхийг геополитикийн өөрчлөлт, уур амьсгалын гэнэтийн цочролын үед бодлого, түншлэлээр хамгаалах, тогтвортой байлгах арга замыг хэлэлцэх юм.


Манай улсын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумдад орон даяар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлэн "Хүнсний хувьсгал"-ийг эхлүүлсэн нь ийнхүү олон улсад сайшаал хүртээд байна.


Дэлхийн хүн амын гуравны хоёр нь жилд дунджаар дор хаяж нэг сарын турш усны хомсдолд ордог нь хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд тулгарч буй сорилтыг улам хурцатгаж байгааг НҮБ онцолжээ.


Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий орнуудын нэг. Үүнээс үүдэн бэлчээрийн доройтлыг хөнддөг. Үүнийг шийдэхийн тулд малын тоо толгойгоос илүү чанарт анхаарах, цаашлаад малын мах, эрүүл хүнсэнд анхаарлаа хандуулах учиртай тул хүнсний талаарх дээд хэмжээний уулзалтууд манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд болж байгаа нь сайшаалтай.

Тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын 24-нд Дундговь аймагт Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар" олон талын уулзалт хийсэн. Мөн Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг энэ сарын 7-нд зохион байгуулсан юм. Чуулганд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, талуудын төлөөлөл оролцжээ. Мөн энэ оны 7 дугаар сарын 24-нд хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын Ром хотноо НҮБ-ын ХХААБ-ын төв байранд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцсон билээ.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал эхэлснээс хойш "Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт"-ын үеэр мөн л хүнсний аюулгүй байдал, усны хомсдлын тухай дурдаж, түүнээс гарах арга замуудыг эрэлхийлж байлаа. Тухайлбал, "Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжсөн ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлж байсан" юм.

 

Холбоотой мэдээ