УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга
Г.Занданшатар, удахгүй тохиох
Герман Улс нэгдсэний 33 жилийн ойн
баярын мэнд дэвшүүлээд, “1990
оны 10 дугаар сарын 3-нд хоёр
Герман эргэн нэгдсэн нь ХХ зууны сүүлчээр Европ болон дэлхийн түүхэнд болсон
томоохон үйл явдал юм. ХБНГУ
нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь гол түнш төдийгүй оюун санааны үнэт
зүйлийн хөрш. Иймд Элчин сайд Х.Р.Кулитцийн ажиллах
хугацаанд ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд
хүргэх сонирхолтой байгаа”-гаа
илэрхийлэв.
Элчин сайд Х.Р.Кулитц, “Герман Улс нэгдсэний 23 жилийн ойн баяр нь манай
улс төдийгүй дэлхийн түүхэнд эрх чөлөө, ардчиллыг авчрахад ач
холбогдолтой үйл явдал болсон. Манай хоёр улсын харилцааг Стратегийн
түншлэлд хүргэхийг Берлин
судалж байгаа. Миний бие
бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааны түвшинг ахиулахын төлөө хүчин
зүтгэнэ” хэмээжээ.
УИХ-ын дарга
Г.Занданшатар хэлэхдээ, “Бид 30
гаруй жилийн өмнө Монголын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулахад Герман
Улсын туршлага, загварыг түлхүү ашигласан, одоо ч судалсаар байна. 2019 он
болон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,
өөрчлөлт нь Герман Улстай салшгүй холбоотой. Иймд Германы сайн туршлагыг
нутагшуулах нь Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр
оруулж байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Ирэх онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат
харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох хүрээнд өмнөө тавьж буй зорилтоо
хэрэгжүүлж, хоёр орны харилцааны түүхэн
шинэ хуудас нээхийг хүсэж байна” гэлээ.
Талууд парламент
хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бататган хамгаалахад хоёр
талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэг байгаагаа нотолсныг УИХ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.