Г.Занданшатар: Инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-22 16:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт гурван өдрийн турш үргэлжлэх “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэт сүргийн эзэд-1000” чуулган, “Соёлын сэргэлт” аян, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” үйл ажиллагаа, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


Баянхонгор аймаг 20 сум, 105 баг, 89643 хүн амтайгаас 25 хувь нь малчин айл өрх юм. Газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон гурван бүсийн нутагтай учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлж буй малчин, тариаланчид бол үйлдвэрлэгч, ажил олгогчид юм. Иймд тэдний үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, тэгш хуваарилалтаар хүртэж амьдрах боломжийг тогтолцооны шинэчлэлээр дэмжихэд анхаарч байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байв. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн бүх сумын төлөөлөл бүхий 1000 малчны чуулган зохион байгуулав.


"Эрдэнэт сүргийн эзэд-1000" чуулганаар “Монгол малын ашиг шимийг яаж өсгөх вэ”, “Малчдын хоршоолол, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн оновчтой бий болгох вэ”, “Малчдад ямар асуудлууд тулгамдаж байна вэ” зэрэг сэдвээр бодлого тодорхойлогч, салбарын мэргэжилтэн, малчин, бизнес эрхлэгчдийн төлөөлөл илтгэл хэлэлцүүллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар малчдын нийгмийн асуудалд чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, инновацлаг мал аж ахуйг хөгжүүлэх санаачилгаасаа хуваалцлаа.


Манай улсын нийт мал сүргийн тоо өнгөрсөн оны байдлаар 71.1 саяд хүрсэн ч малын ашиг шим буурсан, бэлчээрийн хомсдол, үйлдвэрлэл экспорт, хоршооллын нэгдсэн зохион байгуулалт, малчдад тулгамдсан асуудлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганд тавьсан илтгэлдээ хөндөв. Түүнчлэн, 15-34 насны малчид 28 хувийг эзэлж байгаа нь малчдын залгамж халаа жилээс жилд алдагдаж байгаагийн илрэл юм хэмээлээ.

УИХ-ын дарга, мал аж ахуйн салбар нь ДНБ-ий 13.2, экспортын 5 хувийг эзэлж байгаа нь салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэх шаардлага тулгарсныг харуулж байгаа бол бэлчээрийн даац 2.7 дахин өссөн нь малын тоо бус ашиг шим, таваарлаг чанарыг чухалчлах цаг болсныг сануулж байна гээд, мал аж ахуйг үйлдвэрлэл-экспортод шилжүүлэх санаачилгыг дэвшүүлсэн юм.



Ингэхдээ бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт чанарыг алдагдуулахгүй, малчдыг өмчлөгч, эзэмшигч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болгоход чиглэнэ гэдгийг онцоллоо. Тэрбээр, мал аж ахуйн тогтолцооны шинэчлэл хийх тохиромжтой хэлбэр нь сум, нэгдлийн тогтолцооны ололттой туршлагыг дэлхийн бусад орны дэвшилтэт шийдэлтэй хослуулах явдал гэлээ. Өөрөөр хэлбэл малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч болгоход чиглэж байгааг тодотгов. 


Бусад илтгэгчид “Малын эрүүл мэнд, эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдал”, “Мал, махны зах зээлийн шинэ боломж”, “Тэжээл, эрдэс бүтээгдэхүүний ач холбогдол, үр дүн, “Залуу малчдад тулгарч буй асуудлууд”, “Хоршооллын ач холбогдол”, “Ноос ноолуурын хоршооны туршлага”, “Бэлчээрийн МАА-н үйлдвэрлэлийн механикжуулалт, цаашдын хандлага” сэдвээр салбарын судлаач, бодлого тодорхойлогч, малчид, иргэдийн төлөөлөл санал солилцлоо. Энэ үеэр мөн “Хууль сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэд, олон нийтэд төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дороос хүргэснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ